Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.12.26/ УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төслүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд шинэ, содон түүх байдаг. УИХ 1998 онд Казиногийн тухай хуулийн баталж, гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байсан түүх бий. Казино дэлхийн олон орны цэнгээнд аялал жуулчлалын хөтөлбөрт ордог. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа Монгол Улс Казиногийн хуулийг баталж, аялал жуулчлалын нэг урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Дэлхийд морин бооцоот уралдааны ашгийн болон ашгийн бус гэсэн хоёр төрөл байдаг. Бид ашгийн бус буюу Хонконгийн хууль эрхзүйд суурилж, Морин бооцоот уралдааны хуулийг боловсруулж, өргөн мэдүүллээ. Бид хэдийгээр нүүдэлчин, морьтны удам ч сонгодог морин уралдаан манайд орж ирээгүй. Бусад улс орнуудад сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тиймээс бид аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгохоос гадна залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгохоор морин бооцоот уралдааны хуулийг боловсрууллаа.
Манай улсад сугалгаа, төлбөрт тааварт тоглоом, бооцоот тоглоом хуулиар зохицуулагдаагүй байдаг. Сүүлийн үед залуус онлайн казинод донтож байгаа талаар эцэг эхчүүдээс гомдол их ирж байгаа. Тиймээс дотооддоо бооцоот уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна сугалаа, бусад төлбөрт тааварт тоглоомын харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж хуулийн төслүүдийг товч танилцууллаа.
Казиногийн хуулийн эдийн засгийн үр өгөөж:
-Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш $-ын бодит хөрөнгө оруулалт оруулж ирсэн болон оруулахаа илэрхийлж, барьцаа дэнчингээ байршуулсан ААН-д казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно.
-Казиногийн өдөр тутмын орлогын 40 хувийг орлогын албан татвар болгон хурааж авна.
-Казиногийн ширээний 50 хувь нь 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжинэ.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулагдах Казиногийн цогцолборт монгол иргэд үйлчлүүлэх боломжгүй байхаар хуулийн зохицуулалт хийжээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |