“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Цахим сүлжээнд Монгол Улсын халдашгүй дархан байдал алдагдсан мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийхээр болсон. Монгол Улс хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор Хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд тусгай хэрэгцээнд авсан тогтоол батлагдсаныг мушгуулан гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна. Хил орчмын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хил орчмын бүсэд зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улсын хилийн зурвас газрыг УЛСЫН ТУСГАЙ хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хувь болон ААН-ийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахыг таслан зогсоож байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан: Монгол Улсын дархан хил газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хамаагүй улстөржиж болохгүй. Монгол Улсын гадаад бодлого Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар улстөржиж, хамаагүй жиргэж болохгүй. Энэ сарын 22-нд “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол төсөл батлагдсан. Газрын тухай хуульд Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд хамруулж, хэмжээ заагийг тогтоох асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхээр заасан. Энэ хүрээнд УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл батлагдсан. Монгол Улсын Хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар төрийн өмч байна гэж заасан байдаг. Хилийн зурвас, боомтын зурвас газраа төрийн өмчид бүртгэж авч байна гэсэн үг.
Хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалал, шалган нэвтрүүлэх нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламжийг барих зориулалтаар улсын хилээс дотогш 15 км-аас илүүгүй байхаар хуульд тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх өмчлүүлэхийг хориглосон байдаг. 2018 оноос хойш улсын хилээс 15-км-т орших байршлын бүх газруудад ажлын хэсэг байгуулж ажилласан. Суурьшлын бүс дэх айл өрх, ААН, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудын нарийвчилсан судалгааг гаргасан. Орон нутгийн удирдлагууд хилийн зурвас газарт газар олгож, үйл ажиллагаа явуулах, суурьшлын бүсүүдийг бий болгож, хилийн зурвас рүү хүрээгээ тэлэх хандлага байгааг таслан зогсоож УИХ-ын тогтоол гаргах шаардлага бий болсон. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал хуулиар тогтоосон хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд өөрчлөлт орохгүй. Тогтоолын төсөлд хилийн зурваст хилийн хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар эзэмших асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Засгийн газраас зөвхөн ашиглалтын гэрчилгээ олгож, гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн.
"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоол нууцын зэрэглэлтэй. Монгол Улс БНХАУ, ОХУ-тай хилийн маргаан байхгүй. Урд хилээ бид НҮБ-ээр баталгаажуулсан. Иймээс хилийн багана нааш цаашаа хөдлөх, хилийн тор хөдлөх ямар ч асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Орон нутгийн дарга нар хилийн бүс рүү тэлж, газар олгосон, сууршлын бус бүс бий болгосон асуудал байна. Үүнийг таслан зогсоосон.
ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн: Нийгмийн сүлжээнд тархсан мэдээллийг харахад хилийн зааг, хилийн шугам хоёрыг андуураад байх шиг байна. 1950 онд ОХУ-тай, 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө манай хилийг зурвас буюу барагцаалсан гэдэг байсан. Хилийн гэрээ байгуулснаар шугаман хил гэж тогтоосон. Хилийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар, хөрш зэргэлдээ улсын нутаг дэвсгэрээс зааглан тогтоосон шугамыг Улсын хил гэнэ. Энэ шугамаас эгц дээшээ агаарын хил, газрын гүн тийш газрын хэвлийн хил гэнэ. Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж тодорхойлсон байна. Халдашгүй дархан байна гэдэг нь УЛСЫН ХИЛИЙН явалт өөрчлөлт өөрчлөгдөхгүй байх, Монголын Улсын болон ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байх. Монгол Улс хилийн шугамаа 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн. НҮБ-д бүртгүүлсэн хилийн шугамаа өөрчлөх боломжгүй. Хоёр улстай байгуулсан хилийн дэглэмийн гэрээнд хилийн хилийн шугамаас 50 метрт суваг шуудуу ухахгүй, нэг км-т буун дуу гаргахгүй, хоёр км газарт тэсэлгээ хийхгүй, 10 км газарт цацраг идэвх бодис тархаахгүй байх үүргийг хүлээдэг. Хилийн зурвас гэдэг нь улсын хил хамгаалал, шалган нэвтрүүлэх товчоодыг зохион байгуулах, инженерийн барилга байгууламж барихад зориулсан тусгай дэглэм тогтоосон газар нутгийг хэлнэ. Тусгай дэглэм тогтоох гэдэг нь иргэд оршин суух, ажил үйлдвэрлэл эрхлэхдээ хил хамгаалах байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
П.ГОО