Чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад тавьсан “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал арьс ширний экспортын хоригийг тавих асуудлыг хөндлөө. Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Яаман дээр судлагдаж байгаа. Зарим төрлийн арьс ширний экспортыг ойрын хугацаанд шийдэж, хоригийг цуцална. Арьс ширний үйлдвэр ашиглалтад орох хүртэл хоригийг тавина” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Малын түүхий эдийг боловсруулж, гадагш нь гаргаж чадахгүй байна. Их олон жил ярьж байна. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад УИХ-ын дарга нь орхиж гараад, 10, 20-хон гишүүн сууж байна.
Малын арьс шир гуу жалга дүүрэн байгаа нь харамсалтай байна. Хувийн хэвшил хэдэн төгрөг зарцуулж, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд одоо ямар байдалтай байгаа вэ? Хувийн хэвшлийн хажуугаар төрийн өмчит компани байгуулж, мөнгө зарах нь ямар учиртай юм бэ. Хэзээ үйлдвэртэй болох вэ?
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Төр цогцолбор байгуулахад оролцох шаардлагагүй. Дэд бүтцийг нь хийж өгвөл хувийн хэвшил үйлдвэрээ барьчихна. Дэд бүтцийг 120-150 тэрбум төгрөгт барина.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Олигтой хариулт өгөхгүй юм байна. Малчид, үйлдвэр рүү хандсан ажил хийдэггүй, уриа лоозон л байна шүү. Хэдэн үйлдвэр яаж босох юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Мал бол Монголын баялаг. Бид өнгөрсөн 30 жилд уул уурхайг хэт шүтэж, бусад салбараа хаясан. Нөхөн сэргээгддэг, эдийн засгийн бодит өсөлт бий болгодог салбар бол ХАА. Монголын эдийн засаг өгөөжгүй, хүртээмжгүй байгаа нь гол юмаа барьж авдаггүй. Уул уурхай нь үнээс хамааралтай.
Арьс ширний үйлддвэрийг Дархан байгуулах гэсэн анхны шийдвэр зөв. Дархан бол гол зангилаа газар. Анхны шийдвэр 2018 онд гарсан. 10 сая арьс шир, 10 000 тонн ноос боловсруулах үйлдвэрийг 225 сая $-аар барьж, 40 жил ашиглана гэсэн тооцоотой. 1200-1800 хүн ажлын байртай болно гэсэн хүлээлт маш их байсан, одоо ч байгаа.
Нийт хөрөнгө оруулалтын хувийн хэвшил өөрөө гаргаж, 70 хувийг гадны зээл тусламж авахаар ТЭЗҮ-д тусгасан байдаг. төр- хувийн хэвшлийн хүрээнд хийх ёстой ажил. Одоо гүйцэтгэгч компани 15.4 сая $ буюу 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьдаг. Сая хариултаас Засгийн газарт шийдвэр алга.
Энэ үйлдвэрийг хувийн хэвшил дангаараа барих боломжгүй. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг анхаарч ажиллаач.
Уншиж байна |