Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр /2022.12.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК гэдэг компани 2015 онд Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохой төрийн өмчит үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ хэмээн авсан байдаг. Энэ мөнгийг манайхаас нэхэмжилж, өнөөдөр шүүх хурал болно.
Үнэн хэрэгтээ Хөтөл ХХК, Хөтөл цемент шохой ТӨХК тусдаа компани. Хөтөл ХХК бол Безмент гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компани. Хөгжлийн банкны 61 сая ам.долларын зээл өнөөдрийн байдлаар 340 орчим тэрбум төгрөг болж байна. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг төрийн өмчит компаниас нэхэж байна. Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Цемент шохойн үйлдвэр төлөхгүй.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ манай үйлдвэрт зарцуулаагүй. Цемент шохойн үйлдвэрээр дамжуулж, цааш нь өөр зүйлд зарцуулсан байх магадлалтай байна. Хөгжлийн банкны зээл дээр манай орлогыг нэмээд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан гэж би харж байгаа.
Хөтөл цемент шохой ТӨХК Хөгжлийн банкинд ямар ч өр байхгүй. Харин ч сахал Д.Эрдэнэбилэгийн төөрөгдүүлсэн Хөтөл ХХК-иараа 375 тэрбум төгрөгийн хохирлыг Цемент шохой ТӨХК-д учруулсан.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 375 тэрбум төгрөгөөр
88 тэрбум нь цементийн авлага: Цементийг өнгөлөлттэй үнээр борлуулж алдагдалд оруулсан.
70 тэрбумыг ХХБ-аас авч Цемент шохойн үйлдвэрээр түрийвч шиг дамжуулан Хөтөл ХХК руу оруулж гаргасан мөнгө угаасан.
45 тэрбум нь цэвэр ашгийг бууруулсан хохирол
27 тэрбум нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлөөгүй хохирол
69 тэрбум нь гадаад валютын ханшийн алдагдал
44 тэрбум нь ХХБ-ны зээлийн хүү
27 тэрбум нь борлуулалтын орлогыг Хөтөл ХХК руу шилжүүлсэн
4 тэрбум нь орон сууц барьж, тансагласан.
Энэ бүхний нотлох баримтыг бүрдүүлж, АТГ өгч шалгуулж байна. Бид цементийн хулгайчаа олсон, хохирлоо тодорхойлоод нэхэмжилж байна. Үр дүнд хүрэхэд ойрхон байна” гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |