ОХУ "Сармат" тив алгасагч баллистик пуужинг тун удахгүй зэвсэглэлд нийлүүлнэ гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Батлан хамгаалах яамны өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгджээ.
ОХУ-ын стратегийн цөмийн хүчний зэвсэглэл дэх орчин үеийн зэвсгийн төвшин 91 хувьд хүрсэн гэж Путин онцолсон байна. Үүний зэрэгцээ цөмийн гурвалыг сайжруулах, байлдааны бэлэн байдлыг хадгалах нь чухлыг Путин онцлоод энэ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгаа хэмээн цохон тэмдэглэжээ.
Сарматыг туршсан нь
Тив алгасагч баллистик пуужинг Орос энэ оны дөрөвдүгээр сард туршиж байв. Тухайн үед Путин мэдэгдэл хийхдээ пуужин туршсан нь "Орост заналхийлэхээр оролдож байгаа хүмүүст өгч буй сануулга" хэмээн онцолж байв. ОХУ ийнхүү "Сармат" пуужинг туршихдаа энэ талаараа АНУ-д урьдчилан мэдэгдсэн бөгөөд харин Вашингтон үүнийг аюул занал гэж хүлээн авахгүй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгдэж байв.
Энэ пуужинг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Плесецк сансрын буудлаас хөөргөж байлаа. Уг пуужинг турших үед "тооцооллын үзүүлэлтүүд батлагдсан", Камчаткийн хойгийн Кура полигон дээр өгөгдсөн бүсэд хүрсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан юм.
"Сармат" пуужин нь 10 болон түүнээс дээш тооны хошуутай байх гэнэ. Энэ пуужингийн талаар анх 2018 оны гуравдугаар сард Путин Холбооны хуралд гаргасан илгээлтдээ онцолж байв. "Сармат" пуужинг олон жилийн туршид боловсруулсан тул барууны орныхны хувьд гэнэтийн зүйл байгаагүй, гэхдээ чухамхүү Украинд дайн дэгдэж буй энэ үед туршсан нь олны анхаарлыг татаж байлаа.
Оросын талын мэдээлснээр, "Сармат" пуужин нь дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн пуужин болох "Воевод"-ыг орлох аж. "Сармат" пуужин нэг бүр нь 200 тонн гаруй жинтэй бөгөөд энэ пуужинг Красноярскийн машины үйлдвэрт цувралаар үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэнэ. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, "Сармат" бол бай устгах алсын тусгал хамгийн ихтэй, дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэнэ. Энэ пуужин аливаа пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг "даван туулах чадвартай" аж. Ийм төрлийн пуужин дэлхийд байхгүй, цаашид ч ийм пуужин мөддөө гарахгүй гэж Путин мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн