Туг тойрох. Монгол хэлний тайлбарт тольд "Давсан бөх төв асрын өмнө байрлах туг руу дэвэн очиж, түүнийг нар зөв бүтэн тойрон дэвж, туг сүлдэнд хүндэтгэл үзүүлэх үйлдэл" хэмээн тайлсан байх.
Сүүлийн сар гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор бас нэгэн мэдээлэл тархлаа. Энэ нь "туг тойрох". Нүүрс тээврийн жолооч нарын дунд яригддаг "туг тойрох" гэдэг нь нүүрс ачсан машин аль нэг уурхай, хашаа руу ороод нүүрсээ буулгалгүй буцаж гарах үйлдэл гэх. Нэг үгээр хашаа руу орсон нэр зүүх үйл явц.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд хэд хэдэн мэдээлэл иржээ. Түүний зүгээс "Туг тойрч нүүрс хулгайлж байгаа асуудал байна. Таван толгойгоос нүүрс ачаад Хөөтийн уурхай руу ордон. Гарахдаа Хөөтийн нүүрс болж хувираад вагонд ачигдаад явж байна. Энэ нь туг тойрно гэсэн тодотголтой. Мөн Улаанбаатарт медлин буюу угаасан нүүрсийг шахмал түлшний хашаанд буулгах ёстой ч хашаа руу ороод гарахдаа нүүрс болоод Говьсүмбэрт очиж буулгаад байна. Энэ бол шошго солих хулгай. Медлинг гэж нэрээр ачигдаад хилээр гарахдаа нүүрс болж байгаа" хэмээн мэдэгдэв.
Ийнхүү оффтейк гэрээ, хоосон машин хилээр гарсан асуудал дээр нэмэгдээд туг тойрох гэх шинэ хулгайд хууль хяналтынхан анхаарал хандуулах шаардлага үүсэж байна.
П.ГОО
Уншиж байна |