Танилц. Тэд бол Эрдэнэтийн овоолгоос П.Цагаан ганцаараа жилдээ 100 сая ам.доллар ашиг авахыг дэмжсэн гишүүд....
“Эрдэнэт”-ийн энэхүү ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолгыг бусад хуулийн этгээд ашиглаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлогыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан ганцхан гэр бүлийн авч байгааг ГИШҮҮД дэмжлээ. Байгалийн баялаг тэгш, хүртээмжтэй байх ёстой гэх мэт улиг болсон уг хэллэг энэ удаагийн парламентийг гишүүдэд хамааралгүй бололтой.
Дараа нь ашиглахаар овоолсон баялгийг гурван компани "ХОГ" гэж тодотгон, ашиг орлого олж эхэлсэн түүхийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёр улирал дамнан гишүүдэд тайлбарласан ч тусыг олсонгүй. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэр хүдрээ дэлбэлээд, зөөгөөд, шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулж баяжуулах гэхээр агуулга нь бага эсвэл исэлдчихсэн гэх хоёр нэр томьёо гарч ирдэг. Ийм хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолдог. Энэ бол “Эрдэнэт”-ийн ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолго.
1974 оноос хойш үүнийг хэрхэн ашиглах талаар эрх зүйн ямар зохицуулалтгүйн улмаас нэр бүхий хүмүүс, аж ахуйн нэгжид шилжүүлэх болсон. Өнөөдрийн байдлаар цэвэр зэс ялгаж байгаа гурван үйлдвэр байгаа.
1994 онд хамгийн анхны “Эрдмин” үйлдвэр ашиглалтад орсон. Үүний 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг.
2014 онд “Ачит Ихт” гэдэг үйлдвэр дараа нь ашиглалтад орсон. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр хувь эзэмшдэггүй
"Зэс эрдэнийн хувь" үйлдвэр өнөө жил ашиглалтад орж байгаа.
Ингээд энэ гурван үйлдвэр овоолчихсон байгаа зэсийн хүдэр дээр ашиг олоод явж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны "Ачит ихт" гэдэг үйлдвэр. Жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ үйлдвэр нэг хүн, нэг айлын өмчлөлд байна. Энэ үйлдвэрийн жилдээ хийж байгаа борлуулалт 100 сая ам.доллар.
П.Цагаан даргын хувьд 2016 онд гэнэт л ажлаа өгсөн. Үүнээс жилийн өмнө түүний хөрөнгө орлого огцом нэмэгдэж, төрийн өндөр албан тушаалтнаас ТЭРБУМТАН болон өөрчлөгдсөн. Энэ бол "Ачит Ихт" гэдэг үйлдвэр ашиглалтад орсноос хойших жилийн дараах л үйл явц л даа. Харин одоо П.Цагааны эзэмшилд байдаг "Ачит Ихт" жилдээ 100 сая ам.доллар олдог.
Хэнд ч ойлгомжтой зүйл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдэр. Гэтэл үүнийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгосоор байна. Харин Н.Алтанхуяг гишүүн тогтоолын төслөө 34:33:33 гэсэн товчлолоор тодорхойлж өргөн барьсан. Үүнийг тайлбарлахдаа “Эрдэнэт” үйлдвэр 34 хувь, аймаг болон иргэд 33 хувиа тус тус эзэмшихээр тусгасан байв. Гэвч гишүүд асуудлыг үл тоож, эсрэг кноп дарж, тогтоолын төслийг хууль санааачлагчид буцаалаа. Н.Алтанхуяг гишүүний 100 сая ам.долларын эсрэг хийж буй "тулаандаа" ялагдал хүлээлээ.
Цаашид зохицуулагдаагүй байгалийн баялгийг "ХОГ" хэмээн тодорхойлж, хувь хүмүүс их хэмжээгээр ашиг орлого олох нээлттэй хэвээр гэсэн үг.
П.ГОО