Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Сүүлийн үед уул уурхайн судлаач болоод байгаа. Төрийн өмч дагасан хулгай хэтэрсэн байна. Тавантолгойгоос ачаад Хөөтийн уурхай ороод Хөөтийн нүүрс болж хувираад тэндээс воганд ачигддаг. Туг тойрно гэдэг тодорхойлолттой. Тавантолгойгоос мидлинг зөөж байгаа нэртэй хашаа руу ороод тугийг нь тойроод өөр нүүрс болоод урагшаа ачигддаг. Тогтоолын төсөл хүлээж авахдаа хууль зөрчсөн зөрчөөгүйг хянаж байх ёстой биз дээ. Үндэсний эрх ашгаас давсан орон нутгийн эрх ашиг гэж байх ёсгүй. Жижиг Тавантолгойн ашгийг зөвхөн Өмнөговийн ард түмэнд хуваарилдаг. Монгол Улсын баялаг биз дээ. Эрдэнэт бас тэгдэг үү. Алтанхуяг гээд залуу байдаг энэ тантай ижил нэртэй хүн яваад байдаг ямар учиртай юм бэ? Өнөөдөр Эрдэнэтийн овоолгыг ашигладаг хэдэн үйлдвэр байдаг вэ? Энэ үйлдвэрүүд ямар эрх зүйн үндсээр байгуулагдсан бэ? Эрдэнэт үйлдвэр жилд хичнээн төгрөгийн худалдан авалт хийдэг вэ? Хэчнээн хэмжээний баяжмал борлуулдаг вэ? Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс хэдий хэмжээний хүдэр гарч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Эрдэнэтэд нүүрсний хулгай шиг хулгай олон жил нүүрлэсэн. Тэнд нэр дэвших шалтгаан нь Зэсийн хулгай. Яагаад 1974 онд ашиглагдаж ирсэн уурхайн ард иргэд ядуу амьдарч, яахаараа нэг хүн овоолго дээр үйлдвэр босгочихоод жилдээ 100 сая ам.долларын ашиг олж байдаг юм бэ? гэдэг асуудлыг хөндөж л олон жил явж, хараагдаж байна. Хувь хүний 100 сая ам.долларын өөдөөс явна гэдэг нь салхины өмнөөс шээдэгтэй л адил юм билээ. Миний өмд норчихсон яваа. Эрдэнэт дээр дээр гурван төрлийн хулгай байгаа.
Овоолсон юмыг хаягдал гэж зарладаг. Энэ бол эсэлдсэн хүдрийн овоолго. Үйлдвэрийн технологид тохирохгүй байгаа хүдрийн исэлдсэн овоолго. Тэр хүдрийн овоолгыг хожим бид өөр технологиор ашиглана. Анх 1994 онд Эрдмин гэдэг үйлдвэр байгуулсан. Үүний 51 хувийг Эрдэнэт үйлдвэр /Эрдэнэт концерн/, 49 нь хувьд. Өнөөдөр 25 хувь Эрдэнэт, 75 хувь нь хувьд шилжсэн. Үүний дараа 2011 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны "Ачит ихт" гэдэг үйлдвэр боссон. Жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргадаг. Энэ үйлдвэр нэг хүн, нэг айлын өмчлөлд байна. Энэ үйлдвэрийн жилдээ хийж байгаа борлуулалт 100 сая ам.доллар. Үүний дараа Алтанхуяг гээд надтай ижил нэртэй залуу намайг Ерөнхий сайд ирээд хоёр хүн үйлдвэр байгуулж болоод байна. Яагаад 20 мянган хүн байгуулж болохгүй вэ, гэдэг асуудал тавьсан. Тухайн үеийн Эрдэнэтийн удирдлага үүнийг судалж, "Зэс эрдэнийн хувь" гэдэг компани байгуулагдсан. Энэ үйлдвэр саяхан маш их хүндрэл бэрхшээл туулж боссон. Ингээд ГУРВАН үйлдвэр байгаа.
"Эрдмин" жилд 3 мянган тонн цэвэр зэс, П.Цагаан 10 мянган тонн цэвэр зэс, "Зэс эрдэнийн хувь" 10 мянган тонн цэвэр зэс гаргана. Монгол Улс жилдээ 23 мянган тонн цэвэр зэс гаргадаг айл. Харин баяжмалаас яаж хулгай хийдэг вэ гэхээр үе үеийн тонн тутмын тэдэн доллар гэж авдаг. Үүнийг шалга гэхээр намайг шалгадаг. Гурав дахь нь тендерийн хулгай байна. Үүнийг үнэхээр зогсоомоор байна. Жилдээ ТАВАН сая тонн зэсийн хүдэр овоолго болдог.