Өсвөр насны жирэмслэлт төрөлтийн талаар ЭХЭМҮТ-ийн М.Мөнххишиг эмчтэй ярилцлаа.
- Өсвөр насны охидын төрөлт нийт төрөлтийн хичнээн хувийг нь эзэлж байна вэ?
-ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр нас гэж тодорхойлдог. Өсвөр үеийн төрөлт гэдэг нь 10-19 насны охидын жирэмслэлт, төрөлтийг хэлнэ гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд 19-49 насыг нөхөн үржихүйн нас буюу төрөх нас гэж үздэг. 2019 оны байдлаар бага дунд орлоготой орнуудад 15-19 насны 21 сая өсвөр насныхан жирэмсэлж байна. Монгол Улсад 2021 онд нийт төрөлтийн 3,6 хувь нь 20 хүртэлх насны буюу өсвөр насныхны төрөлт эзэлж байсан.
- Өсвөр насандаа жирэмслэх, төрөх нь охидын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?
- 20-24 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад өсвөр насны эмэгтэйгүүд жирэмсэн, төрсний дараах үеийн хүндрэлээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Тэд насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй хариуцлахад оношлох, шийдвэрлэх, жирэмсний хяналт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэг мэдээлэл авахад хангалтгүй, үйлчилгээ авах эсэхээ шийдвэрлэж чаддаггүй гээд эрсдэл үүсгэх олон асуудалтай тулгардаг.
Өсвөр насныхны жирэмслэлтийн явцад жирэмсэн ээжүүдэд тавигдах хоололтын шаардлага хангагддаггүй. Мөн хөхөөр хооллоход бэрхшээлтэй, бэлгийн замын урагдалт төрөлтийн үед үүсэх нь илүү, өсвөр насны жирэмслэлтийн дийлэнх хүсээгүй төлөвлөөгүй байдаг учир маш их сэтгэл санааны дарамтад өртөх эрсдэл нь илүү. Гэр бүл асран хамгаалагчдын зэмлэх, буруушаах дарамтад өртдөг. Зарим өсвөр насны хүүхдүүд төрсний дараа ч дарамтад байсаар байдаг. Боловсролын асуудал орхигддог. Ихэнхдээ хүүхдээ ганцаараа өсгөдөг. Судалгаагаар өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын 70 хувь нь хүүхдээ ганцаараа өсгөдөг.
- Өсвөр насандаа жирэмсэлж, төрж байгаагийн цаад шалтгаанууд нь юу байдаг юм бэ?
- Боловсрол бага, орлогын түвшин бага улс оронд охидын жирэмслэлтийн түвшин илүү байдаг байна. Охид хүсээгүй бэлгийн хавьталд орохоос татгалзах, эсэргүүцэх, хамгаалалт хэрэглэхийг хэлж чадахгүй байх асуудлаас үүдэн жирэмсэн болж байна. ДЭМБ-ын 2018 оны эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаарх тайлангаас харахад 15-19 насны өсвөр насныхан дор хаяж нэг удаа ойр дотны хүнийхээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа байдаг. Манай улсад жилд дунджаар 56-120 жирэмсэн өсвөр насныхан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг. Үүний 20 орчим хувь нь хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон байдаг.
-Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн хэдэн хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг вэ?
-ДЭМБ-аас хийсэн 2019 оны судалгаагаар охидын жирэмслэлтийн 55 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг. Манай улсад хийсэн судалгаагаар 2021 онд үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5,4 хувь нь 20-оос доош насныхан байна. Энэ тоо 2020 онд 4,8 хувь байсан, 2021 онд нэмэгдсэн гэсэн үг.
- Өсвөр насны охидын жирэмслэлтийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах нь хамгийн чухал. Мөн өсвөр насныхны бэлгийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг цогц, чанартай байдлаар хүргэхэд анхаарах шаардлагатай.
П.ГОО
Уншиж байна |