ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ийм мэдээлэл хийж байгаадаа харамсаж байна. Өчигдөр /2022.12.18/ хөлбөмбөгийн ДАШТ-ий сүүлийн тоглолтын үеэр бидний сүүлийн бүтэн сар ярьсан, иргэдийн жагсаалын шаардлагаар үр дүн нь гарч эхэлж байтал энэ хэрэгт хамгийн их холбоотой хүн хил гараад явчихжээ. Албаны маш олон эх сурвалжаас тодрууллаа, бүгдээрээ баталгаажуулж байна. Хуулийн хүмүүстэйгээ сууж яагаад хил гарсныг судаллаа, үндэслэл алга.
Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээг буруу байгуулсан гэх асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шалгагдсан ч ингээд явсан. Монголын түүхэнд авлигын хамгийн том асуудал гарч, оффтейк гэрээний бүх шийдвэрийг шахаж гаргуулсан ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын ерөнхийлөгч байсан Х.Баттулга гэдэг хүн өчигдөр гараад явчихаж. Чоно борооноор гэдэг шиг.
Хэн нэгэнд хариуцлага тооцохгүй бол болохгүй. Нүүрсний асуудлаар 2022.12.21-ний өдөр Ерөнхий сонсгол хийж, Х.Баттулга гэдэг хүнээс мэдүүлэг авъя, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг авчраад яриулъя гэж төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа. Эрүүл мэндийн шалтгаанаар гэнэ. Ч.Сайханбилэг гэдэг хүн бас эрүүл мэндийн шалтгаанаар гээд явсан. Эмчлүүлэх шалтгаантай явсан гэдэгт би эргэлзэж байна.
Бид өмнө нь АТГ-т шалгагдаж байгаа хүмүүстээ хилийн хориг тавиарай гэж зөндөө шаардаж байсан. Эхнээсээ зугтаачихлаа. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол хулгайч нар чинь зугтаад, үлдэхгүй юм байна. Өвлийн хүйтэнд гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах билээ. Иргэдийн өмнө гарч ирээд асуудлаа тайлбарлаж чадахгүй ийм л өөдгүй, арчаагүй, эр зориггүй улстөрчид байна. Тиймээс ХҮН-аас шаардлага тавьж байна.
-Нэг хүн гараад явчихлаа, АТГ-ын удирдлагад хариуцлага тооц. Ерөнхий сайд санал болгож, УИХ хэлэлцэх ёстой. Хэрвээ асуудал прокурор руу явсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтарч хийсэн хулгай, хамсаатнаа явуулсан гэж ойлгогдоод байна" гэсэн байр суурь илэрхийллээ.
ХҮН-ын хуульч Д.Үүрцайх “ХЗДХ-ийн сайдын ярьж байгаагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тодорхой гэмт хэрэгт яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм байна. Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэсэн мэдээлэл байгаа. Хэргийн мөрдөгч болон прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн бага таслан сэргийлэх арга хэмжээ буюу хувийн баталгаа гаргах арга хэмжээг авчээ. Нүүрсний хулгайд гүнзгий холбогдсон, бараг толгойлогч нь гэж хэлж болохоор хүнд хувийн баталгаа гаргах гэдэг хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээ авсан вэ гэдэг асуулт тавигдана. Энэ бол АТГ-ын мөрдөгч өөрөө авч болох ганц арга хэмжээ. Мөрдөгч аргагүй эрхэнд үүнийг хийсэн үү? Баталгаа гаргах, барьцаа авах, хязгаарлалт тогтоох, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг прокуророор дамжуулж, шүүх рүү явуулсан уу? Хүсэлтийг нь биелүүлэхгүй байсан учраас мөрдөгч өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хувийн баталгаа гаргах гэдэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан уу?
Хэрвээ Х.Баттулга эмчилгээнээс эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана. Нэгдүгээрт, хилийн хориг тавих хүсэлт гаргаагүй бол АТГ-ын мөрдөгчид хариуцлага яригдана. Харин хүсэлт гаргасан байхад прокурор болоод шүүх шийдээгүй бол Ерөнхий прокурорт хариуцлага ярина. Мөн томилсон байгууллага, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал яригдана" гэсэн тайлбарыг өглөө.
Б.Хэрлэн