Ард иргэдийн эсэргүүцэл төв талбай дээр үргэлжилсээр байна. Тэд нүүрсний хулгайд холбогдсон бол нэрсийг бүгдийг нь яаралтай зарлаж, гэмт хэрэгтнүүдэд тохирох хариуцлагыг тооцуулахыг шаардаж буй. Иймээс өнгөрсөн долоо хоногт парламент яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолохоор болов. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар хуульд тусгалаа.
Түүнчлэн албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсон юм.
Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн этгээд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн бол түүнд тооцох хариуцлагыг чангатгахтай зэрэгцэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил давсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Түүнийг яллагдагчаар татсан тухай бямба гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр хуучин Ерөнхийлөгч Х.Баттулгыг мөрдөн шалгах байгууллага дуудаж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн” гэж мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдлээс нэг хоногийн дараа тэр хил гарчээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга өглөө /2022.12.18/ 10 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
П.ГОО