УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
...Монгол Улсын нэг иргэнд ногдох үндэсний орлого 2004 онд 480$-тай тэнцэж байсан бол 2010 он гарсаар 1890$-т хүрч, хамгийн ядуу ангиллаас дэвшиж, дундаж орлоготой ангилалд орсноор зээлийн нөхцөл хатуурч эхэлсэн.
...Одоо үүсээд байгаа 33.3 тэрбум $-тай тэнцэх улсын нийт гадаад өр, түүний 24 хувь болох 8.1 тэрбум $-ыг бүрдүүлж буй Засгийн газрын гадаад өрийн менежментэд реформ хийх чухал цаг үе иржээ.
-Улсын нийт өрийн 64 хувь буюу 21.3 тэрбум $ нь хувийн секторынх, үүний талаас илүү хувь нь Оюутолгойн өр байдаг. Уул уурхайн салбарт тулгуурласан жижиг эдийн засагтай манай улсын хувьд тухайн салбарт оруулсан доллар бүрийг хөрөнгө оруулагчид төслийн ирээдүйн ашгаас буцаан авах нөхцөлтэйгээр өр болгож бичдэг бөгөөд эргэн төлөлт нь валютын нөөц, төсөв дээр дарамт учруулахгүйгээр тухайн компани төлж дуусах учиртай. Үүнд Засгийн газар ямар нэг төлбөрийн үүрэг хариуцлага хүлээхгүй.
-Татварын орлогоор эргэн төлөгддөг өр нь Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2022 оны сүүлийн статистикээр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
-Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаагаас 5.6 тэрбум ам.долларыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай байдаг. Харин үлдэх 2.4 тэрбум ам.доллар нь 2012 оноос хойш эхлэн олон улсын зах зээлд арилжсан Засгийн газрын гадаад бондын үлдэгдэл бөгөөд эдгээрийг 2031 он хүртэл төлөх хуваарьтай байна.
Мэдээлэлтэй холбогдуулан АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хэд хэдэн хямрал нүүрлээд байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд Монгол Улсын эдийн засаг ийм хүнд шоконд орж байсангүй.
...Нийт 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 14 тэрбум ам.доллар. Гэтэл улсын нийт өр 33.3 тэрбум ам.долларт хүрлээ.
Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрт 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар улс орон даяар ярьж, матрын нулимс унагасан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгийг хол давлаа.
1991-2016 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын авсан өрийн хэмжээ 4 тэрбум $ байсныг өнгөрсөн зургаан жилд хоёр дахин нэмэгдүүлж, 8 тэрбум $-ыг давуулж, ам ажил нь алд дэлэм зөрлөө.
...Монгол Улсын гадаад өрийг олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад 5 дахин өндөр байгааг ОУВС анхааруулж байна. Ийм их хэмжээний өрийг урьд өмнө ямар ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Ийнхүү Монгол Улс гадаад өрийн хавханд гүн бат шигдээд байна.
...Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөгийг хол давдаг хуучтай боллоо. Татвар төлөгчдийн хөрөнгийг тухайн жилд нь үрж дуусгаад дээр нь хэдэн их наядаар хэмжигдэх мөнгийг гаднаас зээлж, нэмж зарцуулах төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталсаар өнөөдрийг хүрлээ.
...2020 оны төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдсан байдаг. Энэ нь сүүлийн 3 жил Засгийн газрын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Сангийн сайд мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гурван замаар өр үүсээд байна. Эхнийнх нь төсвийн алдагдал. Сүүлийн гурван жилд 11 их наяд төгрөгийн төсвийн алдагдал үйлдвэрлэсэн. Хоёрдугаарт, бонд босгож өр үйлдвэрлэдэг. Засгийн газар, Хөгжлийн банк нийлээд 11 бонд босгосон байгаа. Тэрний 9 нь АН-д хамаатай. Чингис хаан бондыг Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа босгосон. Самурай бондыг Ч.Улаан Сангийн сайд байхдаа босгосон. Гурав дахь нь тооцоо судалгаагүй хөтөлбөрүүд өр үүсгэдэг.
Төсвийн алдагдал, тооцоо судалгаагүй хөтөлбөрүүд нийлээд 26 их наяд төгрөг буюу таван Чингис бондтой тэнцэхээр байна. Тэгээд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Чингис бонд руу дайраад байдаг. Өөрсдөө ажил хий. Өр нэмэгдүүлэхээ боль. Хүмүүсийн бухимдал ард түмнээ хоосолсонтой холбоотой.
Өр тавьж болно. Тэрийгээ баялаг бүтээх салбар руу хийх ёстой. Чингис бондыг импортыг орлож, экспорт хийх төсөл руу оруулсны үр дүнд өнөөдөр төсвийн орлого биелж байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсын Засгийн газрын өр 8 тэрбум $ гэж байна. Бид нүүрсний хулгайн мөнгөөр Засгийн газрын бүх өрийг төлөх боломж байсан юм биш үү.
Сангийн сайд та, чуулганы танхимд хариуцлагатайгаар хэлээч. 2023 оны гадаад өр төлбөрт Монгол Улсын Засгийн газар асуудал үүсгэхгүй, хүндрэл үүсэхгүй гэдгийг хэлж, санааг амраагаад өгөөч. Гэрэгэ бондын 533 сая $, Хөгжлийн банкны 500 сая $, Монголбанкны своп 2 тэрбум $-ын өр төлөгдөхөөр Засгийн газар боломж байхгүй харагдаж байна. Энэ өрийг хаанаас төлөх вэ?
Манай улсын төсвийн алдагдлаар гэр хорооллын бүр айлыг тохилог орон сууцанд оруулах боломжтой байжээ. Нийслэлд метро тавьж, утаагүй, түгжрэлгүй болох боломж алдагджээ.
Засгийн газрын ковидын үед хэрэгжүүлсэн бодлого Монгол Улсын эдийн засагт маш сөрөг үр дагавар авчирсан. Ялангуяа 1.5 их наядын хөтөлбөрөө дүгнээгүй байхдаа 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ямар ч тооцоо судалгаагүй зарцуулсан 15 их наяд төгрөг бол Монгол Улсын ДНБ-ий 40 хувьд хүрсэн. Ийм үр дүнгүй бодлого хэрэгжүүлсэн орон манайхаас өөр байхгүй байх.
Сангийн сайд Б.Жавхлан: Нүүрсний хулгайтай холбоотой асуудалд санал нийлж байна. Бид нүүрсний хулгайгаар маш их боломж, валютын орлого алдсан байна. Одоо ч бид эцсийн байдлаар нэгдсэн дүн гаргаж чадахгүй байна.
Сүүлийн жилүүдэд тооцоолоогүй байсан хоёр том сорилт, цохилттой бид тулсан. 2019 онд Төсвийн тогтвортой байдлын хуулиа ягштал биелүүлээд төсөв ашигтай ажиллах түвшинд ирж байсан. Эрүүл мэнд, нийгмийн салбарт ирсэн том сорилтын улмаас төсөв алдагдалтай ажилласан, энэ үнэн. Ковид, дайны нөлөөг ард түмний нуруун дээр аваачихгүйн төлөө гаргасан төлбөр, зардал нь энэ. Бидэнд маш үнэтэй туссан.
Эдийн засгаа 5-6 хувиар өсгөх байсан боловч яг эсгэрээрээ бүр 7 хувийн уналттай эдийн засаг 2020 онд гарсан. 2021, 2022 онд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж чадлаа. 2022 онд 3-5 хувийн өсөлттэй гарах хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эрх баригч та нарт гомдмоор байна. Та нарт Монголын ард түмэн 67 их наяд төгрөгийг бидний амьдралыг дээшлүүлээрэй гэж сүүлийн 6 жилийн төсөвт өгсөн. Сүүлийн 3 жилд төсвийн алдагдал 10 их наяд боллоо. Та нар өр тавьж улсыг авч явж байна. Өр тавьж, гуйлгачин царайлаад улс хөгжсөн түүх энэ дэлхийд байхгүй. Танай том дарга нар нүүрс, Оюутолгой, Эрдэнэтийн хулгайгаар ард түмнийг туйлдуулж, сөхрүүлсэн.
2016 онд 24.8 тэрбум $-ын өртэй байсан бол 2022 онд 33.5 тэрбум $ болж, дампуурсан өр боллоо. Оюутолгойн өр 2016 онд 7.4 тэрбум $ байсан бол одоо яагаад 12.4 тэрбум $ болтлоо өсөв? Та нар амаар нь явдаг хүүхэлдэй юм уу. Рио Тинто компани Монголын өрийг нэмэгдүүлэхдээ та нараас зөвшөөрөл авсан уу?
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын нийт өр 33.3 тэрбум $. Үүний 8.1 тэрбум $ нь Засгийн газрын өр. Бусад нь хувийн секторын өр. Таны дурдсан Оюутолгойн 12.8 тэрбум $-ын өр хувийн сектор дотор орж байгаа.
Гадна талд намын, Ерөнхий сайдын өр гэж байхгүй. Хэн ч байсан бид өр төлбөрийг төлөх ёстой. Харин дотооддоо сургамж авч, хойч үедээ муу өр үлдээж болохгүй. Сахилга баттай ажилласны үр дүнд Засгийн газрын өр буураад байгаа. Бид 8.5 тэрбум $-оос 8.1 тэрбум $ болгож буулгаад байна.