Шадар сайд С.Амарсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанаа "Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляци, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.
Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байна. Гэтэл нөгөө талд нь хэдэн үеэ барьцаалж, арайхийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.
...Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авлигатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ" хэмээн бичжээ.
Уншиж байна |