Нүүрсний хэрэгт нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүдийн нэг Ц.Анандбазар АТГ-ын мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайг илрүүлэх УИХ-ын ажлын хэсгийн гишүүдийн нэг нь би. Ажлаа хийж дуусаагүй байхад ийм сөрөг пиар цацаж байгаа нь УИХ-ын ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн нүүрсний хулгайчдын ажил гэж бид үзэж байна. Би нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Уурхайн нэг ч ширхэг лиценз байхгүй. Манай групп "алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй" гэсэн уриатай ажилладаг. Сод монгол группт нүүрсэнд явуулдаг нэг ширхэг машин байхгүй. Нэг чиргүүл явуулдаг бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Монголын ард түмний боломжийг хулгайлсан нүүрсний хулгайчид амь тавих дөхөөд ирэхээр огт оролцдоггүй гишүүдийн нэрийг оруулж, хулгайгаа алга болгох гэж байна. Нүүрстэй огт холбогддоггүй гишүүдийг зарласан нь маш их анхаарал татаж байна.
Би долоодугаар ангид байхдаа гэртээ нүүрс оруулж байсан. Тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийнхөө мөрийг баллуурдах гэсэн л ажил. Ийм увайгүй юм хийж байгаа хүмүүс удахгүй тодорно.
Хулгайчдын аргаар АТГ маш хуймгай, хөнгөн мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Маргааш бид АТГ-ын удирдлагатай уулзаж, асуудал тавина" гэж мэдэгдлээ.
Уншиж байна |