Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр компанийн борлуулалт, гэрээнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, “Эрдэнэс Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 40 гаруй хоног ажиллаж байна. Санхүүгийн зөрчил их байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулсан хэлцлүүд хийсэн, эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэсэн есөн албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар хүсэлтээ өгч, шалгуулж байна. Мөн зургаан ААН-тэй холбоотой хэргийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн. Нэг сумын Засаг даргыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн лицензтэй талбайд газрын зөвшөөрөл өгсөн асуудлаар АТГ-т шалгуулахаар өгсөн” гэсэн мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн Тавантолгой –Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл өгч байна.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нууцалсан гэрээнд ханшийн эрсдэлийг Эрдэнэс Тавантолгой 100 хувь үүрнэ гэж байна. Монгол Улсын төсвөөр хийгддэг бүх бүтээн байгуулалтын ханшийн эрсдэлийг гүйцэтгэгч нар үүрдэг. Хөгжлийн банкнаас зээл авсан нөхөд ч ханшийн эрсдэлээ өөрсдөө хүлээж байгаа. Ямар гэрээ гэхээр ийм байдаг юм бэ?
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Гэрээний нөхцөлийг Засгийн газарт танилцуулаагүй. ТУЗ-д ч гэрээний зүйл заалтын талаар мэдээлэл өгөөгүй. Компанийн удирдлагууд гүйцэтгэгч компанитай тохиролцоод хийчихсэн асуудал байгаа.
Эрдэнэс Тавантолгой компанийн бүх зүйлийг нягталж байна. Санхүүгийн сахилга бат учир дутагдалтай байна. Санхүүгийн гүйлгээний анхан шатны баримт байхгүй. Гүйцэтгэгч компанийн гүйцэтгэлийн хяналт хангалтгүй байна. Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барьж байгаа компани Сангийн яамнаас санхүжилт авахдаа гүйцэтгэлээ гаргаж өгдөг. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн нийтлэг алдаа нь ажил гүйцэтгээгүй байхад 20-30 хувийн урьдчилгаа өгдөг. Гэрээ байгуулаад маргааш нь урьдчилгаа төлбөрийн 20-30 хувийг өгдөг. 10 дугаар сарын 26-нд намайг ажил авахад 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 70 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын 20 тэрбумыг нь 27-ны өдөр өгнө гэдэг асуудал орж ирсэн. Энэ асуудлаар би таван албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өгсөн.
Дараа нь тендерт ном журмаараа шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй асуудал байна. Яагаад байгуулдаггүй нь тодорхой бус. Тендерийн хугацааг дуусгаж, ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйгээс болж компанийн үйл ажиллагаа доголддог.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг бүх ажлын ханшийн зөрүүг гүйцэтгэгч 100 хувь хариуцдаг. Гэтэл Бодь интернэшнл компанийн ханшийн эрсдэлийг Эрдэнэс Тавантолгой ХК буюу төр хариуцахаар нөхцөл үүсгэсэн. Энэ бол тэр компанид илт давуу байдал бий болгосон. Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Тухайн үеийн удирдлагууд гэрээний энэ зүйл заалтыг Засгийн газарт танилцуулж байсан бол ийм нөхцөл байдал руу орохгүй байх байсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монголын ард түмэн өвлийн хүйтэнд гадаа жагсаагүй бол ийм асуудал илрэхгүй байж. Гадаа зогсож байгаа мянга мянган залууст талархах хэрэгтэй. Дахиад хичнээн оффтейк гэрээ байгаа вэ?
ҮАБЗ-өөс ААН-тай холбоотой зөвлөмжийг удаа гаргаж байсан юм байна. Энэ зөвлөмжүүдийг ил болгох уу?
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн замууд хэзээ ашиглалтад орох вэ?
Алдагдсан боломжуудыг тооцож үзсэн үү? Монголын ард түмэн хэдэн үеэрээ хохирлоо. Нүүрсний үнэ өндөр байх үед хэдхэн хулгайч завшлаа. Хятадаас мэдээлэл авсан уу, харьцуулж үзсэн үү?
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Эрдэнэс тавантолгой ХК-иас долоон гэрээг ил болгосон. Үүний тав нь оффтейк гэж нэрлэгдээд байгаа Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр замтай холбоотой гэрээ байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн санхүүжилт болон төлбөрийг нүүрсээр барагдуулах хоёр гэрээ, Богдхан төмөр замын төлбөрийг нүүрсээр барагдуулах гурван гэрээг ил болгосон. Таван оффтейк гэрээний хүрээнд 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрсийг өгч, Бодь интернэшнл компанид давуу байдал бий болгон 187.7 тэрбум төгрөгийг өгчээ. Эрдэнэс Тавантолгой ХК өөрийн ашгаа Бодь интернэшнл компанид өгчихсөн гэсэн үг.
Уншиж байна |