Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Тэрбээр мэдээллийн үеэр "Нүүрс хилээр бүртгэлгүй гарсан хулгайн асуудал бол зөвхөн жижиг буюу орон нутгийн өмчит ТАВАНТОЛГОЙ дээр яригдаж байгаа. Тэгвэл өнөөдөр том ТАВАНТОЛГОЙ дээр өнөөдөр Уул уурхайн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллана. Засгийн газраас хоёр удаа буюу 80 мянган ам.доллар, 150 мянган ам.доллараар нүүрсний олборлолтын байдлыг сансарын тойм зургаар авсан байдаг. Үүнтэй уялдуулаад Тавантолгойн бүлэг орд дээр уулын ажлын зураглал босгох байгаад тоо хэмжээний дагуу дүгнэлт гаргана. Нийт 11 оффтейк гэрээ хийгдсэн үүний ЕС нь өнгөрсөн долоо хоногт ил болсон. Хоёр нь Зам тээврийн яаманд харъяалагдаж байгаа өнөөдөр ил болох байх.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд ҮАБ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг даалгавар өгсөн байна. Энэ нь ҮАБЗ-ийн Зөвлөмж нь аж ахуйн зориулалттай зөвлөмж гаргаж болохгүй гэх зохицуулалт юм. Мөн энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхтай холбоотой зохицуулалт хийгдэнэ. Мөн яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг Эрүүгийн хуульд яаралтайгаар нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна" гэлээ.
Мөн дийлэнх зөвлөмж экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад гарсан гэдгийг ХЗДХ-ийн сайд тодотголоо. Түүний зүгээс "Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтыг барих гэж байхад зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил хийгээд дуусгасан. Энэ хүн бол хамгийн түрүүн шалгагдах ёстой. Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүн шалгагдах ёстой хүн нь Х.Баттулга" гэлээ.
П.ГОО