Г.Азжаргал: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байна

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал АТГ-т шалгагдаж буй нүүрсний хэргийн талаар өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл өглөө.
АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахуул авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчлан, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 6 хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас
- 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт
- 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт
- 5 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт
- 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт шалгаж байна.
Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь одоогоор тогтоогдоод байна" гэсэн мэдээллийг АТГ-ын удирдлага өглөө.
АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан 62 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тавантолгойн орд газраас нүүрс олборлох, борлуулах, худалдан авах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааны явцад Эрдэнэс Тавантолгой ХК-ийн болон бусад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хахууль өгөх, мөнгө угаах, татвараас зайлсхийх, улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллага нүүрс экспортлогч ААН-үүийн татвар төлөлт, нүүрсний чанарын зөрүү, уурхайн амны бүрдүүлэлт, ачилт, овоолго, бохир нүүрсний зөрүү зэрэг шалгалт хийж буй аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ