2019 оны нэгдүгээр сард болсон жагсаалд тухайн үеийн УИХ-ын таван гишүүн манлайлан оролцож байв.
Тэд энэхүү тэмцлийнхээ дараа төрийн өндөр дээд албан тушаалд томилогдохгүй хэмээн ам гарсан. Гэвч өнөөдөр тухайн үед тэмцэлд оролцож байсан МАН-ын гишүүд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа юм.
Тэдний нэг болох ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг яагаад төрийн өндөр албан тушаал хашихаар болсон учрыг нийгмийн сүлжээндээ ингэж бичжээ.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ гэмт бүлэглэлүүдтэй зоригтой тэмцсэн учраас дайсан их хураасан. Тэр ямар ч албан тушаал авахгүй гэсэн үгэндээ хатуу байсан. Төрийн удирдлагад шударга хүн хэрэгтэй учраас бид түүнийг шахаж, ажил хариуцуулсан юм.
Тэр нь зөв болж, олон чухал үр дүнг авчирсан. Оюу толгойн луйвар, Эрдэнэтийн 49, Жаст-Стандарт банк, Салхит, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг, хууль шүүхийн мафи, улс төр-бизнесийн бүлэглэлтэй анхнаасаа ил тод тэмцсэн. Нүүрсний хулгайг анхлан зарлаж, таслан зогсоохоор зүтгэж байна. Маш олон хүний маш том эрх ашгийг тас цохьсон. Тэр анх хэлсэн ярьсандаа одоо ч байдаг. Харамсалтай нь хүнд цагт, хүнд ачаа үүрч байгаа түүний зүтгэл санасан зорьсон үр дүндээ зарим талаар хүрч чадахгүй байна.
Өнөөдөр түүний өстөн дайснууд нь өндийн босч, залуучуудын зүй ёсны тэмцлийг ашиглахыг оролдож байна. Л.Оюун-Эрдэнэд алдаа дутагдал байж болно. Гэхдээ ийм шулуун шударга, дайчин, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ил тод, шуналгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Ерөнхий сайд та бидэнтэй хамт байгаагийн үр дүнг гаргах ёстой гэж итгэдэг" гэжээ.