Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Жагсагчид гурван шаардлага тавьж байна.
1. Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг ил тод зарлах
2. Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болгох
3. Ковидын үеийн төсвийг ил тод зарлах
Эдгээрээс гурав дахь шаардлага буюу ковидын үеийн төсвийг нээлттэй зарлах үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайханд даалгасан байна.
Харин жагсагчдын бусад хоёр шаардлагыг биелүүлэхэд цаг хугацаа шаардлагатайгаас гадна ойлгомжгүй байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр “Жагсагчид Нүүрсний хулгайн хэрэгт оролцсон хүмүүсийг зарлах шаардлагыг тавьж байгаа. Энэ бол зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд ил тод болгох асуудал. 1992 оны шинэ Үндсэн хуулиар хууль дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгож зарласан. Хууль дээдлэх зарчмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхэд шилжүүлж байж, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил болгоно.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүст 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болгох тухай жагсагчдын хоёр дахь шаардлага ихэд ойлгомжгүй байна. 15 жилийн ялыг хэн хэнд, яаж оногдуулах нь ойлгомжгүй. Ял өгөх, бусдын хөрөнгийг хураах бол зөвхөн шүүх эрх мэдлийн асуудал. Энэ талаар би жагсагчдад өчигдөр тайлбарласан” гэдгээ хэлэв.
Б.Хэрлэн