Өнөөдөр олон улсын авлигатай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр үг хэллээ. Тэрбээр “Хууль засагласан, хөгжсөн эдийн засагтай шинэ ирээдүйг цогцлооход хамгийн том саад учруулж байга зүйл бол авлига гэдгийг бүгд мэддэг, ярьдаг.
Өнөөдөр Монгол Улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа Эрдэнэт, Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниудыг тойрсон авлига, албан тушаалын болон нүүрсний хулгайн гэмт хэрэг шалгагдаж байна. Албан тушаалтнуудын оролцсон авлигын томоохон гэмт хэрэг иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна.
Авлига улс орны аюулгүй байдалд заналхийлж байна. Ардчилсан тогтолцоо, үнэт зүйлийг ч дордуулж байна. Авлигын өр төлбөрийг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг учраас иргэд бухимдаж, жагсаж байна.
Авлигатай тэмцэх хууль эрхзүйн орчныг боловсруулангуй болгохын тулд гурван багц хуулийг яаралтай хэлэлцэх бэлтгэлийг хангаж, ирэх долоо хоногоос хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй байна.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт: Ирээдүйн боломжийг хулгайлж байгаа авлигын хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцохгүйгээр олигтой ахиц гарахгүй. Жагсагч залуус эрүүгийн хуулийн 22.1-ийг ярьж байна. Хөрөнгө хураах ялын бодлогыг чангатгах, авлигатай тэмцэх эрхзүйн орчныг сайжруулах өөрчлөлтийг хийе. Хууль хулгай хийхгүй байгаа. Хуулийг хэрэгжүүлэхдээ хулгай хийж байна. ХЗДХЯ, Засгийн газар хуулинд алдаа байгаа бол оруулаад ир. Авлигын гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгө хураах ял бий болгох өөрчлөлтийг нэн тэргүүнд хийе.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж гаргах шаардлагатай байна. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгоё. Нүүрсний мафийг таслан зогсоож, ил тод үнээр гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлье.
Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хэлэлцэж байна. Авлигатай тэмцэхийн тулд илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх ёстой. Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй. Хулгайтай тэмцэхдээ парламентын ардчиллаа доройтуулж болохгүй хэмээн хуулийн төслүүдийг яаралтай оруулж ирэхийг холбогдох байнгын хороодод даалгалаа.
Б.Хэрлэн