УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр гишүүдийн зүгээс Т.Доржханд гишүүнийг нүүрсний хулгайн асуудлаас үүдэн Монгол Улс 44 их наяд төгрөг алдсан гэх асуудалдаа тайлбар хийхийг шаардсан.
Т.Доржханд гишүүн энэ асуудалд "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ? Уучлал гуй ч гэж байх шиг. Үүнийг нь АН-ын Б.Пүрэвдорж гишүүн дэмжээд 9000 мянган хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг.
АН-ынхан ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ больчих хэрэгтэй. Би АН-ын бүлэг рүү нэг ч үг хэлж үзээгүй. Сөрөг хүчин юм бол сөрөг хүчин шиг бай. Г.Ганболд дарга аа, та тоогоо өгөхдөө 6,4 сая байна гэдгийг хэлээд тохироод явсан. Одоо 2,3 болчихож. Тэгвэл хэн хэзээ үүнийг гаргаж ирсэн бэ? Монгол Улсын эдийн засагтаа тэнцэх хэмжээний мөнгийг бид алдчихсан гэдгийг Ерөнхий сайд, танай намын дарга анх хэлсэн шүү. Би бол тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Үүнд ногдох 10 орчим их наяд төгрөгийн татварын орлогоо алдчихаад байгааг би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй. Б.Пүрэвдорж гишүүнээ эрх баригчдын дууг дуулж байгаа нь муухай харагдаж байна" гэлээ.
П.ГОО