Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн мэдээллээрээ гаалийн байгууллагын хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, бүртгэлгүй гаргасан нүүрсний хэмжээг зарлалаа.
Гаалийн байгууллагаас гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж, бүртгэлгүй гаргасан нүүрсний хэмжээг тогтоожээ.
1.2010-2011 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулахад 379 мянган тонн нүүрсэнд гаалийн мэдүүлэг хийсэн баримт олдоогүй. Энэ бол Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байх үе.
2.УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд 2013-2017 оны хооронд 2527 компанийн 17 200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрсэн мэдээлэл олдсон. Хилээр 268 000 тонн нүүрсийг улсад татвар, хураамж төлөлгүйгээр гаргасан нь тогтоогдсон.
3. Гурав дахь шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Хяналтын камерын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүдийн мэдүүлэг, улсын хилээр гарсан хүн, тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэгтэй тулгахад их хэмжээний нүүрс бүртгэлгүй улсын хилээр гарсан байна. Энэ нүүрс нь Монгол, БНХАУ-ын гаалийн статистик мэдээлэлтэй зөрж байгаа. Манай улсын нүүрс зөвхөн Хятадад үлддэггүй, цаашаа бусад улс орнууд руу экспортлогддог. Тэр улсуудын гаалийн байгууллагын мэдээлэлтэй ч зөрснийг шалгалтаар тогтоосон.
Бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг сэргээн мөрдөн шалгаж эхэлснийг ХЗДХ-ийн сайд мэдээллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |