Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2022.12.08/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас нүүрсний хулгайн мөрдлөгийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг өчигдөр байгууллаа. Ажлын хэсэг төрийн байгууллагуудын мэдээ мэдээллээр түргэн шуурхай хангах, нарийн мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудаас хил гаалийн мэдээллийг гаргуулж өгөх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийж, мөрдөн шалгах ажиллагааны хэд хэдэн ажлыг эрчимжүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн шөнө Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. Хишиг арвин индустриал ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нарын гурван хүн, Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүнийг баривчилсан. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр гүнзгийрүүлсэн шалгахаар дээрх хүмүүсийг баривчилсан гэдгийг АТГ, ЦЕГ-ын мөрдөн шалгах ажлын хэсгээс бидэнд ирүүлсэн.
Баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг, нэгжлэг хийх ажиллагаа одоо явагдаж байна. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн ажлын байр, салбаруудад нэгжлэг хийгдэж байна.
Хишиг арвин индустриал ХХК нь Эрдэнэс Тавантолгой ХК анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг. Энэ компани болон хуучин захирал Б.Ганхуяг нарын хооронд албан тушаал, авлигын гэмт хэргийн нотлох баримт, мэдээлэл олдсон учраас мөрдөн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймаг бүрээс гурван мөрдөгч нарыг нийслэл рүү татаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар боллоо. Нүүрсний хулгайн хэрэгт 4-5 чиглэлийн нотлох баримт цуглуулах шаардлагатай байгаа.
2009 оноос хойш нийт хэдэн куб метр уулын цулыг олборлосон вэ. Үүнээс хөрс хуулалтад хэдийг гаргасан, хэдийг урд хөрш рүү экспортолсон вэ
10 гаруй жилийн хугацаанд хэдэн мянган тээврийн хэрэгсэл урд хилээр гарч, тээвэр хийсэн вэ. Тээвэр хийсэн ААН-үүд хэдэн төгрөгийн татвар төлсөн, тээврийн хэрэгслүүдийн ард улс төрд нөлөө бүхий ямар хүмүүс байгаа, тээврийн компаниудын эцсийн өмчлөгчдийг тогтоох
Хилээр ямар хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан вэ зэрэг чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэдгийг ХЗДХ-ийн сайд мэдээллээ.
Уншиж байна |