Эстонийн Ерөнхий сайд: Манай улс цаашид украин дүрвэгчдийг хүлээн авч чадахгүй
2022-12-07

Украинаас ирсэн дүрвэгчдийг Эстони цаашид хүлээн авч чадахгүй гэж тус улсын Ерөнхий сайд Кая Каллас мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Финландын засгийн газарт хандан, аль болох их украин дүрвэгчийг хүлээн авахыг уриалсан байна. 

 

"Бид зовлонд учирсан Украинд туслан өнөөдрийг хүртэл өгөөмөөр сэтгэлээр хандсан гэж би байнга хэлдэг. Сэтгэл зүрхээрээ туслаж байгаа Эстонийн иргэдээр би бахархдаг. Гэхдээ юм болгонд хил хязүгаар бий, бидэнд цаашид дүрвэгчдэд олгох орон байр, ажил алга.  Тиймээс бид цаашид хүмүүсийг хүлээн авах боломжгүй боллоо. Харин өөр орнууд илүү ихийг хийж чадна" хэмээн Каллас "Радио4" радиостанцад өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

НҮБ-ын 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдээллээр, Украины 62239 дүрвэгч Эстонид байгаа бол түр хамгаалалтад 38729 хүн байгаа аж. Харин дайн эхэлснээс хойш нийт 7,9 сая хүн Украинаас дүрвэсэн бөгөөд Эстони улс дүрвэгчдийг хамгийн ихээр хүлээн авсан орнуудын тоонд багтдаггүй юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин