"Оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй"-д Украины тэргүүн хатагтай Зеленская, Оросын дуучин Пугачева нар багтжээ
2022-12-07

ВВС агентлаг 2022 оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад Украины Ерөнхийлөгчийн гэргий Елена Зеленская, Оросын алдарт дуучин Алла Пугачева нар багтсан байна.

 

ВВС агентлагийн "Оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй" жагсаалтад Украины тэргүүн хатагтай Елена Зеленская, Оросын олзонд байсан Юлия Паевская зэрэг Украины зургаан эмэгтэй багтжээ. Орос Украины эсрэг өдүүлсэн дайнтай холбоотойгоор дээрх эмэгтэйчүүд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олон улсын анхааралд өртсөнөөр энэ жагсаалтад багтсан байна. 

 

Жагсаалтад багтсан, анхаарал татахуйц өөр нэг эмэгтэй нь Алла Пугачева байлаа. 

 

"Дуучин, хөгжмийн зохиолч Алла Пугачева 250 сая гаруй диск зарсан. Тэрбээр 500 гаруй уран бүтээлтэй. "Оросын эстрадын хатан" хаан тэрбээр жинхэнэ домог" гэж ВВС бичжээ. Түүнчлэн, Алла Пугачева дайн эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсныг онцолсон байна. Харин Оросын эрх баригчдыг дэмжигчид Пугачеваг төрөөс урвасан хэмээн буруутгаж байв. 

 

Пугачевагаас гадна өөр хоёр орос эмэгтэй энэ жагсаалтад багтжээ. Тэдгээр нь армийн нэр хүнд гутаасан хуурамч мэдээлэл тараасан хэргээр баривчлагдсан зураач Саша Скочиленко, "Холод" сонины ерөнхий редактор Таисия Бекбулатова нар юм.

 

Мөн энэ оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, дуучин Билли Айлиш, жүжигчин Приянка Чопра-Жонас, Иранд дэгдсэн эсэргүүцлийн үеэр үсээ тайрч, эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэй тодорчээ. 

 

Энд дуулгахад, ВВС агентлаг 2012 оноос эхлэн оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг тодруулах болсон юм. Энэ оноос жагсаалт гаргах болсон нь Энэтхэгт болж, дэлхий дахиныг цочроосон үйл явдалтай холбоотой. Тухайн үед Энэтхэгийн Дели хотод автобусанд явж байсан 22 настай эмэгтэйг жолоочийн хамт нийт зургаан хүн хүчирхийлж, хамт явж байсан эрийг нь зодсон хэрэг гарсан. Хүчирхийлэгчдийн нэг нь саатуулагдсан үедээ нас барсан бол тухайн үед насанд хүрээгүй байсан нэг бураатан гурван жилийн хорих ял авч, үлдсэн дөрөв нь цаазын ял сонсон дүүжлүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин