УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр NTV телевизийн "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би Төрийн ордонд архидаж байгаад хүн унагаад алчихаагүй шүү дээ" гэсэн ноцтой жишээ татсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Сануулахад, 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдрийн 19.10 цагийн үед Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарт нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас таван цаг гаруй хугацаанд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийсэн юм. Хэргийн газар цагдаагийн байгууллагын ажилтнууд таван цаг гаруй үзлэг хийж, өндрөөс унасан учраас амиа алдсан гэсэн мэдээллийг өгч байв. Улмаар “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаасан байдаг.
Тэгвэл Ч.Ундрам гишүүний ноцтой үг ямар учиртай вэ?
Энэ талаар Г.Батхүү агсны дүү П.Батчимэг нийгмийн сүлжээндээ "Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Төрийн ордонд архидаж, эрдэнэт хүний амь насыг түлхэн унагаж, санаатай бүрэлгэснийг хүртэл гишүүн Ч.Ундрам баталгаатай мэдэж ярьж сууна. Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “ аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй. Хардах эрх нь бидэнд бий. Ч. Ундрам гишүүн 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийн үйлдсэн “ эзнийг” мэдээд яриад байгаа бус уу. Олон олон сайтууд, иргэд, олон нийтийн сүлжээ сануулаад анхаарал хандуулаад эхэллээ" гэсэн байна.