Манай улсад болсон олон нийтийн эсэргүүцэл олон улсын хэвлэлүүдийн анхааралд өртсөн хэвээр байна. Мөн болж буй үйл явдалтай холбоотойгоор улс төр судлаачид ч өөр өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэдний нэг болох Оросын Бүс нутгийн асуудлын хүрээлэнгийн захирал Дмитрий Журавлев Mosregtoday сайтад Монголд өрнөж буй жагсаалтай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
"Эсэргүүцэл Хятадын талын дэмжлэгтэй явагдаж байгаа гэж би бодож байна. учир нь нүүрсний хэргийн талаарх анхны мэдээллүүд орон нутгийн хэвлэлүүдээр гарсан. Үүний дараа л энэ сэдвээр ярих болсон юм. Нэгдүгээрт, хятадууд нүүрсээ авахыг их хүсэж байгаа, тэд чинь мөнгөө төлчихсөн шүү дээ. Хоёрдугаарт, Монголын Засгийн газар Хятадад нэг их таалагддаггүй. Нүүрс хаашаа алга болсон нь тэдэнд илэрхий байгаа. Нүүрсийг Хятадад "өөр тийш" зарчихсан. Нүүрсийг хэн, хэрхэн хулгайлсныг хятадууд мэдэж байгаа. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын хүрээллийн л хүмүүс гэдэг нь илэрхий " хэмээн Дмитрий журавлев өгүүлжээ.
Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй, эсвэл эрх баригчдаа харааж зүхээд л дараа нь мартана, эсвэл өнөөгийн дэглэм унах байх хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалыг хэр сайн зохион байгуулснаас цаашдын өрнөл хамаарна, харин хятадуудын хувьд энэ улсын нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд материаллаг тусламж үзүүлэхээр хичээж байгаа хэмээн Дмитрий Журавлев өгүүлжээ.
Монголд болсон жагсаалыг Хятадын дэмжлэгтэй гэж тэрбээр үзэх болсон нь БНХАУ-ын хийсэн мэдэгдэлтэй ч холбоотой байж мэдэх юм. Оросын ТАСС агентлаг 12 дугаар сарын зургааны өдөр мэдээлэхдээ, БНХАУ руу нүүрс экспортлох үед нүүрс хулгайлсан, авлига авсан хэргийг мөрдөн шалгах тал дээр Монголын Засгийн газар тусламж хүсвэл Хятад туслахад бэлэн хэмээснийг онцолсон юм.
Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин 12 дугаар сарын зургааны өдөр сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэр ТАСС агентлагийн сурвалжлагч Хятадын тал Монголд нүүрсний хулгайтай холбоотой албаны этгүүдийн жагсаалтыг өгсөн талаар тайлбар өгөхийг хүсчээ. Харин үүний хариуд Мао Нин энэ талаар мэдэхгүй хэмээн хариулсан байна.
"Таны хэлсэн, энэ нөхцөл байдал үүсэх болсон шалтгааны талаар би мэдэхгүй байна" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин хариулсан байна.
Хэдийгээр Хятадын талаас Монголд жагсаалт өгсөн гэх мэдээллийг мэдэхгүй гэж хариулсан ч Монголын талаас хүсэлт гаргавал энэ асуудал дээр туслахад бэлэн гэж Мао Нин онцолсон юм.
"Манай улсын найрсаг хөрш болох Монголын Засгийн газар зохих нөхцөл байдлыг зохицуулахын тулд шаардлагатай арга хэмжээ авч чадна гэдэгт бид итгэлтэй байна. Монголын талаас ийм хүсэлт гаргавал Хятадын холбогдох байгууллагууд хууль эрхзүйн хүрээнд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн" хэмээн Мао Нин онцолжээ.
Г.Бямбасүрэн