УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ард иргэд, залуучууд ууртай байна. Яагаад ийм байдалд хүрсэн талаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлэх ёстой. Эрх баригчид амьдралыг гоёчилж, олон сайхан зүйл ярьдаг. Хичнээн сайхан зүйл сонссон ч ард иргэдийн амьдрал болохгүй байна. Иргэд ядуурч, орлогогүй байна. Хичнээн гоё зүйл ярьсан ч хүлээж авах сонирхолгүй байна.
Өнгөрсөн хугацаанд нэг намаа хүчгүйдүүлж, нухчин дарсны гор гарч байна. Эрх баригчид бухимдаж, уурласан ард түмэнтэй нүүр тулахаас өөр аргагүй болж байна.
Сүүлийн үед 40 их наяд төгрөг, Монгол Улсын төсвөөс их хэмжээтэй нүүрсний хулгайн тухай ярьж байна. Нүүрсний хулгайн мэдээлэл, гэрээ ил болохгүй байна. Ард иргэд бухимдаж байхад гэрээг яагаад ил болгохгүй байгаа юм бэ.
ҮАБЗ гэрээг нууцын зэрэглэлд оруулсан гэж ярьдаг. Нууцын зэрэглэлд оруулсан гурван хүний хоёр нь өнөөдөр ҮАБЗ-д албан тушаалаа хашиж байна. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ гэдгийг ҮАБЗ-ийн гишүүдээс асуух хэрэгтэй.
Нүүрсний хулгайн асуудлыг АН-ын эрх мэдэлгүй байгаа цөөн хэдэн хүн дээр тохоод өнгөрөх санаатай. Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн гэсэн хоёрхон нэртэй. Ийм байдлаар явахыг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нүүрсний мэдээллээ ил болгооч ээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өчигдөр ард иргэдийн жагсаж цуглах эрх рүү халдах гэсэн маш ноцтой үйлдэл гарлаа. УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулсан гэх нэрийдлээр онц байдал зарлах асуудал яригдлаа. Үүнийг АН хэзээ ч дэмжихгүй. Ард түмэнд жагсаж цуглаж, төрийн хулгайн талаар мэдээлэл авч, эсэргүүцэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар хурал зарлаж, цахимаар хуралдсан. Ирц хэд байсныг мэдэхгүй. Засгийн газраас онц байдал зарлах талаар ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга нар мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар гишүүд үг хэлэх боломжоор хангагдаагүй.
Онц байдал зарлах бол зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрх. УИХ завсарласан үед ийм асуудал үүсвэл Ерөнхийлөгчид энэ эрх мэдэл шилждэг. УИХ долоо хоногийн дотор хуралдаж, Ерөнхийлөгчийн шийдвэрийг баталгаажуулах эсвэл цуцлах эрх мэдэлтэй. Харин чуулган завсарлаагүй энэ үед шийдвэрийг УИХ гаргах ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: ЖДҮ-ийн асуудлыг мухарласан бол нүүрсний асуудал далайцтай явж чадахгүй байсан. Нүүрсний асуудалд УИХ, Засгийн газрын маш олон гишүүд холбогдсон байгаа. Энэ гишүүд яаж сандарч байгааг та бүхэн харж байгаа. Нүүрсний хулгайг ил болгохоор Засгийн газар, УИХ-ын асуудал хүндэрчих гээд байгаа учраас намуудтай уулзаж, зөвшилцөх тухай ярьж байна.
Ард түмэн талхаа таллаж авч байхад залуус олноороо жагсах нь аргагүй. Дизель түлш байхгүй, гурил, махны үнэ хадсан, болж байгаа юм байна уу. Тансаглалын мөнгөө иргэдээ ядуурлаас гаргах бичил бизнесийг дэмжиж болоогүй юм бэ. АН тууштай тэмцэнэ. Эрх баригчид ЖДҮ-ийг замхруулсан шиг нүүрсний хэргийг замхуурлж, иргэдийг хуурах гэж оролдож байна. Энэ асуудлыг эцэс хүртэл нь явж, хариуцлагыг нь тооцуулчихаад УИХ-ын асуудлыг ярья. УИХ-д шударга гишүүд байгаа гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |