Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Хэвлэлийн мэдээг сайн мэдээгээр эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Чингис бондын өрийг дарж дууслаа.
Өчигдөр жагсагдаас 20 орчим шаардлага ирсэн. 14 иргэний нийгмийн байгууллага, 20 орчим шаардлага ирсэн байна. Багцлаад үзвэл шударга ёстой холбоотой.
Хөгжлийн банкны асуудал дээр Засгийн газар олон нийтийн дэмжлэгийн хүчээр үр дүнд хүрсэн. Хөгжлийн банкны өр өнөөдөр төлөгдөж байна. Энэ нь "өнөөдөр болж байвал маргааш хамаагүй" гэсэн утгаар бонд босгож, хөгжлийг боомилсон үйлдэл байсан. Энэ асуудлаас эхэлсэн, хариуцлага алдсан асуудлуудыг засах амаргүй нөхцөл байдлын тэнцлийг бид хийсэн. Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрт өгч байсныг яг энд суугаад би зарлаж байсан. Өнөөдөр 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн, ирэх онд гүний уурхай ашиглалтад орно. Мөн Эрдэнэтийн 49 хувийн анхны схемийг миний бие олон нийтэд ил болгож, онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж байсан. Асуудал өнөөдөр шүүх дээр шийдлээ хүлээж байна. Шүүхийг нүд чавчихгүй харж байна.
Саяхан бид Тавантолгойтой асуудлыг гаргаж ирж тавьсан. Манай экспортын 93 хувь уул уурхайн бүтээгдэхүүн дээр тогтдог. Иймээс Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн асуудал анхаарал татаж ирсэн.
Яагаад Гашуун сухайтын төмөр зам 16 жил гацсан юм бэ? Тэнд хэдэн машин байдаг вэ, хэд нь улс төрчдийнх вэ, хэд нь БНХАУ-ын Баяннуурын эзэд байдаг вэ? хэд нь манайх байдаг вэ, энэ хүмүүс нийлэхээр ямар хүч хуримтлуулдаг вэ зэрэг асуудал бий. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт гээд нягтлах зүйл олон бий. Оффтэйк болон бусад гэрээтэй холбоотой асуудал. С зөвшөөрлийн цаана юу байна вэ? Бөмбөлөг хагарахтай холбоотой асуудал, мөн хил гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд бүртгэлгүй нүүрс гаргаж байна уу гэх мэт асуудал бий. Гэхдээ бид Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн Банк, Дархан төмөрлөгийг шийдэж чадсан шиг Тавантолгойн асуудлыг ч гэсэн эцэслэн шийдэж чадна.
Өнгөрсөн сард Эрдэнэт тавантолгой компанид энэ асуудалтай холбогдуулан Онцгой дэглэм тогтоосон. Яг одоогоор АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөн Засгийн газраас ажлын хэсэг гараад тулгалт хийж байна. Харин нөгөө талд энэ асуудлыг юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугдаж байна.
Жагсагчид үүн дээр анхаарал хандуулж, шаардлага тавьж байна. Нийт шаардлагуудын ихэнх нь нүүрсний асуудлыг эцэслэн шийдэхтэй холбоотой байна. Энэ бол олон нийт Засгийн газартай хамт шүгэл үлээсэн сэдэв. Иймээс цаашид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаарай. Том хэмжээний шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Есөн мянган жолооч, 60,70 төрийн албан хаагчид, компаниудын эзэд шалгагдаж удахгүй эхнээсээ үр дүн гараад шийдэгдээд явна шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудал хугацаанаасаа өмнө шийдэгдэнэ.
Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдсон. Эрдэнэс тавантолгойн хуучин удирдлагууд, тэдний удирдлагад ажиллаж байсан МОАХ-ны үе үеийн удирдлагууд энэ жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Амь нь тасарч амьсгаа тасарч, асуудалтай хүмүүс янз бүрийн мэдээлэл гаргаж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. МУ-ын Засгийн газар нүдтэй чихтэй ажиллах чадамжтай гэдгийг жагсаал зохион байгуулсан НҮҮРСНИЙ ЛУЙВАРЧДАД хандан хатуугаас хатуу хэлье" гэлээ.
П.ГОО