Жагсаалыг албадан тараах хотын даргын захирамж гарлаа

Хуульзүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон цагдаагийн байгууллагын удирдлагууд мэдээлэл хийж, жагсаалыг албадан тараах захирамж гаргасныг дуулгалаа.
Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Иргэдийн жагсаалыг далимдуулж, архидан согтууруулах, жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна. Жагсаалыг далимдуулж, нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмнөх удирдлагууд ажилчдаа жагсаалд оролцохыг олон нийтийн сүлжээгээр уриалж байна. Залуусын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өдөөн турхирах, төрийн эрхийг хууль бусаар авахад өдөөн хатгах, төрийн тусгай хамгаалалттай обьектод халдаж, эвдэн сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна. Гудамж талбайг хааж, бусад иргэдийн эрхийг зөрчиж байна.
Мөн дөрвөн иргэн, цагдаагийн байгууллагын зургаан албан хаагчид гэмтэж, бэртлээ. Тиймээс өдөөн турхирах ажиллагааг зогсоохыг уриалж байна.
Аливаа жагсаал цуглааныг нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авч, бүртгүүлж хийх ёстой. Энэ удаагийн жагсаал цуглааныг бүртгүүлээгүй. Энэ жагсаал цуглаан нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг үүсгэж, төрийн тусгай хамгаалалт руу халдаж байгаа учраас жагсаалыг албадан тараах нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Энэ захирамж 19.00 цагт гарч, албажин хэрэгжиж байна. Бид жагсагчдад жагсаал цуглаанаа тараах уриалгыг хүргэж байна. 21.00 цагаас жагсаал цуглааныг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу албадан тараана" гэдгийг мэдээлж, иргэдийг хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, хүний эрхийг зөрчихгүй байх, үймээн самуун, хүчирхийлэлд уриалсан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриаллаа.
Жагсаалыг зохион байгуулагчид байхгүйгээс гадна оролцогчдын 90 гаруй хувь нь оюутан залуус байгааг хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ