Улстөрчид нь хаачив, С.Ганбаатар гишүүн ээ?!

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн толгойлогчид хэмээн бизнесменүүдийг зарлалаа. “АПУ”-ийн П.Батсайхан, “MCS”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан нар төрийн өндөрлөгүүдийг худалдан авч, Монголыг цөлмөн дээрэмдэж байгааг тэр хэллээ. Тэгвэл улстөрчид нь хаачив?!
Нүүрсний хулгайчид Төрийн ордонд ч байгаа. Улстөрчид өөрсдөө нэгнээ илчилсээр байгаа. Өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг “нүүрсний хулгайч” хэмээн цоллож байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нүүрсний асуудалтай салшгүй холбоотой хүн хэмээн нэрлэсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэр ч яригдсаар буй. Энэ мэтээр АН, МАН гэхгүйгээр нүүрсний хулгайтай холбоотой улстөрчдийн нэрсийн уртаас урт жагсаалд гарах нь тодорхой. Хууль шүүхийн байгууллага баталж дуугараагүй л болохоос тэд энхийн цагаан тагтаа биш.
Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр улстөрчдийг биш бизнесменүүдийг зарлалаа. Улс төр-бизнес хоёр салшгүй холбоотой. Бизнесменүүд хулгай хийсэн байлаа ч улстөрчдийн оролцоо заавал бий. Тэд оролцож, хувь ашиг хүртсэн нь тодорхой.
Монголын хөгжил, монголчуудын боломжоос хулгайлсан нүүрсний хулгайн асуудал улстөрчид, Төрийн ордноос холдох ёсгүй. Саармагжуулж, замхруулах гэж хичнээн оролдоод ч улстөрчидтэй зайлшгүй холбогдоно. Бизнес эрхлэгчдийг нэрлэж, гал намдаах гэж оролдоод ч хэрэггүй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ