"Хүн төрөлхтөн сансар эрхэс ярьж суухад монголчууд лаа, чүдэнзээ зэхэх тухай ярьж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлого, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний талаар” сэдвээр хийсэн мэдээлэл өглөө.
Салбарын сайдын мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал дүгнэлтээ танилцууллаа.
Энэ үеэр "Алдагдал нь хэдэн зуун тэрбумаар яригддаг эрчим хүчний салбар аанай л бас Ардчилсан нам засаглаж байсан 2015-2016 онд л хугарлын цэг рүүгээ дөхсөн ганцхан жишээ байна. Гэтэл 5,6 жилийн дараа алдагдлын хэмжээ нэмэгдсээр түүхэн дээд хэмжээндээ хүрлээ.
Бид нүүрсний бассейн дотроо амьдардаг хэр нь улс төржиж, эрчим хүчийг хүртэл сонгуулийн хэрэгсэл, халамж болгож зах зээлийн үнээр биш, бүр өртгөөр нь ч биш үнэгүй цахилгаан дулаан хэрэглэж суух хооронд дэлхий нүүрсний станцуудыг санхүүжүүлэхгүй гэчихлээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд нүүрсний эрчим хүчний төслийг дэмжихгүй нь. Одоо яах вэ? Иргэдээ дарамталсан, хөрштэйгөө муудалцсан 2 УЦС төсөл маань гэрлээ асааж, гэрэл нэмтэл ойр биш байх шиг.
Асуудал шийдэл ярихаараа аварга том мега төсөл л ярина. Гэтэл төвлөрсөн бус бие даасан системүүдийн нэгдэл сүлжээ бий болгох нь стратегийн шийдэл чиглэл байхыг үгүйсгэхгүй. Улс орны өнцөг булан бүрт бага, дунд хэмжээний станцуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, түүнийг түгээх, дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулж эрчим хүчний сүлжээгээ торлож чадвал боломж байна.
Хувийн хэвшлийг оролцуулах хөшүүрэг, тогтвортой байдлын гэрээ, тууштай хэрэгжих бодлогоор grid маягийн торлосон эрчим хүчний сүлжээ. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 17%-ийг эзэлдэг, АНУ-ын нүүрсний олборлолт, тээвэрлэлт, станцуудад нийлээд 60,000 хүн ажиллаж байна. Манай хилийн дөнгөж цаана байх Баяннуурт 1000 МВт-ын цахилгаан станцад дөнгөж 50-хан хүн ажиллаж байна. Гэтэл манайд 750 МВт-ын ТЭЦ-4 станцад 1500 хүн, 200 МВт-ын ТЭЦ-3 дулааны станцад 1000 хүн ажилладаг тоо мэдээ байна. Технологийн хоцрогдол нэмэх нь эрх баригч намын шахаа нийлэхээр ийм үрэлгэн бүтэц бий болдгийн бас нэг жишээ энд байна. Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэл зайлшгүй эхлэх ёстойг энэ бүхэн харуулж байна.
Нүүрсний уурхай, станц, дамжуулах, түгээх тойрсон өрийн цикл өдгөө ч үргэлжилсээр, өссөн дүнгээр их наяд давж тоологдож байна. Салбарын жилийн борлуулалтын орлоготой тэнцэх өр зээлтэй, хүлээгдэж буй хөрөнгө оруулалт нь бараг 10 жилийнх нь борлуулалттай тэнцэж буй урьдчилсан тооцоотой. Энэ чөтгөрийн тойргоо эвдэж, уг салбарыг либералчилж, үрэлгэн, үр ашиггүй ТӨХК-уудаа хувьчлах, засаглалыг сайжруулах бодлогыг хэзээ хийх вэ?
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нь зүй ч хуудуутай хуулийг баталж, хуулиар хамгаалагдсан “дээрэм”-ээр хэрэглэгчийн халаасыг ухсан, амьжиргааг дордуулж буй жишээ одоо ч бодитоор оршин байна. Эрчим хүч үйлдвэрлэлийн 10 хүрэхгүй хувийг эзэлж буй ч нийт борлуулалтын орлогын бараг 1/3-ийг авдаг, айл өрх бүрийн хэрэглээнээс 1 кВт.ц тутамд 23.7 төгрөгийг “сул иддэг” эрүүл бус тогтолцоог нэн даруй эвдэж, засах шаардлага байна. 1000 хүнтэй нүсэр, үр ашиггүй станц нүүгэлтэн ажиллаж нийт хэрэглээний 70%-ийг нийлүүлэх мөртлөө орлогын 40%-ийг авдаг ойлгомжгүй, шударга бус тогтолцоог хэзээ засах вэ?
Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд лаа, чүдэнзээ зэхэх, гал алдахад яах тухайгаа тулга тойрон шивнэлдэж сууна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ