Н.Ганибал: Багануурын ЦС-ын ажлыг эх орончийн дүртэй МАН-ынхан зогсоосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдааны эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарынхаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Дэлхий нийтээр эрчим хүчнээс үүдсэн дайнтай байна. Энэ өвлийг дэлхий нийт яаж даван туулах вэ, гэдэг хүлээлтэд орсон байна. Дэлхийд эрчим хүч интеграцид орж, дэлхий нийтийг хамарсан сүлжээ бий болжээ. Хөөрхий Монгол л ганцаархнаа үлдчихлээ. Гадаадын тагнуул туршуулуудын явуулгаар Монголчууд бид хоцроод үлдчихлээ. Багануурын цахилгаан станцыг барих санаачлага гараад явж байсан. Үүнийг маш олон эх орончийн дүртэй танай намын нөхдүүд зогсоосон. Тэд арай тагнуул биш биз дээ. Өнөөдөр хоёр усан цахилгаан ярьж байгаа ч явсан ажилгүй. Цахилгаан эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэх гэхээр үүнийг үгүйсгэдэг бүх л бүтэн бүлэглэл бий болдог. Энэ хүмүүс ямар зорилготой байна вэ? Амгалангийн дулааны цахилгаан станцыг байгуулсан хүнийг яллах гэж оролдсон. Оюутолгой, Тавантолгой ЦС барих гэхээр дотоодын эсэргүүцэгч нар гарч ирдэг. Эрчим хүчний салбарт алдагдал авчирч байгаа зүйл нь сэргээгдэх эрчим хүчний бизнес. Сайхан нэртэй. Тэр хүмүүс сайхныг ярьж байгаад Монголоо хорлож байгаа. Тэр монголоо хорлож байгаа хүмүүсийг олсон уу? Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл өгч Монголчуудын халаас руу гар дүрэх асуудлыг бодлогын хэмжээнд шийдлийг гаргасан хүмүүсийг зарлаж өгөөч гэж хүсье. Бид гадаад бодлогын өмнө хүчин мөхөсдөж байна. Янз бүрийн идэж ууж байгаа жижиг юм яриад яах вэ? Дорнодын эрчим хүчний өргөтгөлийн ажил хэзээ дуусах вэ? Аймгууд дээр дулааны станц барих өргөтгөл хийх ажил аль шатандаа явж байна вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Дорнодын ЦС-ыг 50 МВт өргөтгөх ажил явагдаж байгаа. 79 орчим сая ам.долларын төсөвт өртөгтэй БНХАУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр явж байгаа. Монгол талын санхүүгийн зуучлагч нь Хөгжлийн банк. Цар тахлын дараах үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртгийг 25 орчим сая ам.доллараар нэмэх шаардлагатай гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Өртөг нэмэгдсэн асуудал дээр ажлыг хэсэг гараад ажиллаж байна. Ойрын өдрүүдэд төсөвт нэмэх эсэх талаар шийдвэр гарна. 10 аймагт ДЦС барихаас ЕСӨН аймгийнх нь ажил хэвийн явж байгаа. Архангай аймагт маргаантай байгаа. Багануурын ЦС шүүмжлэл дагуулсан нь үнэн. Анх концесс авсан компани төслийг хэрэгжүүлж чадахгүй гэсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчийг олсон. БНХАУ-ын хилийн хоригтой холбогдуулан ойрын өдрүүдэд яриа хэлэлцээр хийгдэж байх гэсэн хүлээлттэй байна.
П.ГОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ