Д.Өнөрболор: Нүүрсний хулгайн хэрэгт УИХ дүр эсгэсэн байдлаар хандаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Нүүрсний хулгай болон Хөгжлийн банктай холбоотой хэргийг хяналт шалгалтын үйл явцыг ил тод болгох шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д. Өнөрболор "Гишүүд цаг үеийн шаардлагад нийцсэн чанартай хууль баталж байх үндсэн чиг үүрэгтэй. Эдийн засаг хүндэрсэн энэ үед бидний үүрэг хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа юм шиг дутуу дулимаг хууль баталж байгаа нь нийгэм эдийн засгийн доривтой шинэчлэл хүлээсэн олны хүлээлтэд хүрч чадахгүй байна. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий чухал хууль тогтоомжийг хариуцлагатайгаар хэлэлцэн батлахын оронд аар саар асуудалд цаг заваа барж сууна аа. Тухайлбал, хүний ой тоо, тооны машинд багтахааргүй олон их наяд төгрөгийн хохиролтой нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкыг тонож дээрэмдсэн хэрэг, ЖДҮ-ийг залгисан хэрэг, НД-ийн санд олон зуун тэрбумын хохирол учруулсан хэрэгт УИХ дүр эсгэсэн байдалтай хандаж байна. Үр нөлөө муутай иргэдийн амьдралд нэмэр тусгүй, хувийн хэвшилд зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд улс орноо дээрэмдэж тоносон асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд байгаад анхаарал хандуулах шаардлага үүсээд байна. Иймээс нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой холбогдох албан тушаалтнуудыг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгүүлэх хэрэгтэй байна, энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй байна" гэсэн саналыг хэлж байна.
Үүнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Д.Өнөрболор гишүүн хурал чуулгандаа идэвхтэй оролцож бай. Нүүрсний хулгайн хэргээр Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулагдаад гэрч дуудаад, шинжээч томилолоод ажлын хэсэг хуралдаад түр журам гарч байгаа. Хөгжлийн банкны асуудлаар Б.Энхбаяр гишүүн нээлттэй сонсгол зохион байгуулсан. Хяналт шалгалтын түр хороо байгуулаад шинжээч томилоод ажиллаж байгаа шүү" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ