Хойд хормойгоо урдахаараа нөхсөн ЗАСАГ

Өнгөрсөн оны намар шатахууны хомстолтой нүүр тулж байсан манай улс энэ өвөл дизель түлшний тасалдалтай тулгарав. Шатахуунгүйгээс иргэд машинаа түрж алхаж байсан бол одоо дизель түлшгүйгээс эдийн засаг зогсох эрсдэлтэй тулгарч байна. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уурхайнууд ганц хоёрхон хоногийн дизель түлшний нөөцтэй. Монголчуудыг дулааны нүүрсээр хангадаг уурхайнууд зогсвол идэр есын хүйтэнд юу болохыг төсөөлөхөд ч бэрх.
Шатахууны хомстол үүсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдаа гаргасан эзэн холбогдогчийг олж, хариуцлага тооцохыг тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгаж байв. Гэвч хомстол үүсгэсэн буруутан олдохгүй байсаар Ерөнхий сайдын үүрэг замхарсан. Одоо ч ялгаагүй, Оросыг буруутгаад өнгөрөх нь тодорхой болж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшны тасалдлыг Оросын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тэрбээр “Дизель түлшний хувьд асуудал үүссэн гол шалтгаан нь ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой. Манай улсад дизель түлшний 60 хувийг Роснефть компаниас, үлдсэн 40 хувийг бусад трейд компаниуд нийлүүлдэг. Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байгаа. Трейд компаниудын нийлүүлэлтийг ОХУ-ын Эрчим хүчний дэд сайдаар ахалсан ажлын хэсэг хязгаарласан” гэх тайлбарыг өгч байгаа.
Хойд хөршөөс нийлүүлдэг шатахууны хомстол үүсэхэд манай улс урд хөршөө царайчилж байв. Бензин нийлүүлээч, вагон тавиад өгөөч гэж гуйсаар асуудлыг аргацаасан. Энэ удаа ч ялгаагүй, хойд хөрш дизель түлшнийхээ крантыг чангалж, бид урд хөршөөсөө гуйж байна. БНХАУ-аас 24 мянган тонн түлш ачигдсан мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгсөн. Нийтийн тээвэр, уурхайнуудад хүндрэл үүссэнийг салбарын сайд хүлээн зөвшөөрч, зогсоохгүйн төлөө ажиллаж байгаагаа хэлэв.
Газрын тосны бүтээгдэхүүний үнийг албаар тогтоон барьж, импортлогч нарт хязгаар тавьсныхаа горыг улсаараа амсаж, эдийн засгаа хөдөлгөх түлшгүй зогсохдоо туллаа. Ийм асуудалтай тулгарах бүртээ Засгийн газар урд хормойгоороо хойдохоо нөхдөг. Хойд хөрш шатахуун, дизель түлшний крантаа чангалах бүрт урд хөршөө царайчилдаг нөхцөл байдал цаашид хичнээн удаан үргэлжлэхийг таашгүй.
Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ нээгдэх нь ч тодорхойгүй, ашиглалтад орох хугацаа нь цааш хэрхэн сунахыг ч хэлэх боломжгүй. Ганц тодорхой зүйл нь бид хөрш орнуудаа царайчилж, хойд хормойгоо урдахаараа нөхсөөр байх нь.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ