БНСУ-ын MBC телевиз "Монгол Кай" З.Чингүүнийг онцолжээ
Солонгосын алдартай бүжгийн шоу болох "Street man fighter"-д монгол залуу З.Чингүүн оролцож өөрийн төдийгүй Монгол улсынхаа нэрийг Солонгосын энтертайнмент салбарт таниулж чадсан билээ. Уг бүжгийн шоунд эцсийн шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байсан нь саяхан. Тэмцээний үеэр "Маш том зорилго тээж яваа монгол бүжигчдэдээ боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг харуулахыг зорьж, энэхүү нэвтрүүлэгт орж байна" хэмээн ярьсан байдаг.
Тэрбээр мөн өнгөрсөн аравдугаар сард Солонгосын Бусанд болсон алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцсон чадварлаг нэгэн.
Бүжигчин, модель, YouTuber З.Чингүүн дэлхийн алдарт “Gillete” брэндийн нүүр царай болсон анхны монгол хүн билээ.
Харин 11 дүгээр сарын 30-ны өдөр MBC every1 телевизийн "Солонгос дахь гадаадууд” гэх шоу нэвтрүүлгийн 215 дахь дугаарт зочноор бүжигчин З.Чингүүн оролцжээ. Тус шоуны хөтлөгч З.Чингүүнийг олонд танилцуулахдаа түүнийг "EXO" хамтлагийн дуучин Кайтай усны дусал мэт адилхан “Монгол Кай” хэмээн танилцуулжээ.
З.Чингүүн нь 1997 онд Дарханд төрсөн. Түүний хувьд багадаа Орост сурч байсан. Оросоос Монголд ирээд Дарханы Герман Монголын хамтарсан сургуульд сурч байсан. З.Чингүүн нь Монгол хэлээс гадна дөрвөн хэлтэй. Англи, Герман, Орос, Солонгос хэлээр ярьдаг байна. Дуртай спорт нь сагсан бөмбөг. Бидний сайн мэдэхээр дуучин Ука, Цэцэ нарын 2019 онд хамтарсан “Гараад ир” дууны клипэнд тоглосон.
Өөрийн хүсэл сонирхлоороо 14 наснаасаа гудамжны бүжиг, хип хоп, Urban стайлын төрлөөр бүжиглэж эхэлсэн. Тэрбээр Солонгос улсад олон тэмцээн уралдаанд түрүүлж байсан төдийгүй бүжгийн багшаар ч ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ