Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд С.Наранцогтыг томилсон билээ. Өнөөдөр /2022.12.01/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлаа хүлээн авлаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, компани цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах боломжийг бүрдүүлэх юм.
"Эрдэнэс Монгол" группт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит ААН харъяалагдана.
Мөн Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд ажиллуулах шийдвэр 2022 оны тавдугаар сард гарсантай холбоотой юм. Энэхүү шийдвэр гарснаар дээрх хоёр ТӨҮГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулан ажиллана.
Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-г “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд ажиллуулж, металлургийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулалт, бусад асуудлыг шийдвэрлэн зохион байгуулахаар боллоо. Зарим цаасан дээр байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хөдөлгөх, үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого баримтлан шуурхай ажиллах болно гэдгээ гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлаа хүлээн авах үеэр хэллээ.
Уншиж байна |