УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр
Хэдхэн хоногийн өмнө УИХ-аар Мөнгөний бодлогоо батлуулсан Монголбанк УИХ-ын өмнө ажил хариуцдаг байгууллага. Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкинд асуудал байна. Нийгмийн даатгалын сан бол нэг сая иргэн, даатгуулагч, хөдөлмөрчдийн мөнгө, 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Мөн УИХ-аас Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой.
Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг байсан Капитал банк дампуурсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбумын 78 нэр төрлийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Найман удаагийн дуудлага худалдаа явагдсан ч 17 тэрбум төгрөгийн 51 эд хөрөнгө огт зарагдахгүй, хүн тоохгүй байна. Тэгсэн атлаа Монголбанкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг захирлынхаа мэдэлд авч байна.
Монголбанк арилжааны банкийг дампууруулж, өмч хөрөнгийг нь дээрэмддэг асуудал байсан. Одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд баригдсан Замбуулан виллаж хотхоныг алтны компани өрөндөө Капитал банкинд хураалгасан. Энэ хотхоноос гурван ширхэг хаусыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хурааж авсан байна. Тэгээд Монголбанкны хөрөнгөөр дотоод засал хийж, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь тэнд амьдардаг гэж иргэд мэдээлж байна. Нийгмийн даатгалын санд хураагдсан гол хөрөнгийг Монголбанк завшиж болдог юм уу.
Шүүх дээр Капитал банкны нэмэлт хөрөнгүүдийг тогтоох, нуугдмал хөрөнгийг ил болгох ажиллагаа хийгдэж байгаа.
Энэ асуудлыг УИХ шалгаж, ярих ёстой. Энэ бол бага мөнгө биш. Зөвхөн нийгмийн даатгалын санд 100 тэрбумын асуудал яригдаж байна. Цаана нь эрүүл мэндийн даатгалын сан, бусад харилцагчдын мөнгөн хөрөнгө бий. Үүнд дээр Монголбанкны эрх хүлээн авагчид дур зоргоороо аашилж, завшиж, зарцуулж байгаа юм бэ. УИХ-ын дарга та, нийгмийн даатгалын сангийн төлөөллийг оролцуулан Хянан шалгах түр хороо байгуулж, анхаарч өгөөч. Бид мөнгөө олж авмаар байна” гэж хэллээ.
Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, Капитал банкны асуудал, Монголбанкийг шалгах үүргийг Эдийн засгийн байнгын хороонд өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |