УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ш.Адьшаа нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөр таван бүлэгтэй. Тав дахь буюу Хот, хөдөө, бүс нутгийн талаар амлаж байсан амлалтын талаар мэдээлэл сонслоо. 207 зүйл амласан байна. Бүгд биелэгдээгүй. Ердийн нэг өвлийн өдрийн хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж түгжрэлээ шийдэх гэж аргацааж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан "Нийслэл орон нутгийн хөгжлийн бодлого" биелэлээ олсонгүй. "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгээс “Улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн аймаг бүрт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан.Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.
Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй.
Хоёрдугаар өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцэх үед завсарлага авсан. Өнөөдөр энэ хуулиар мэдээлэл сонслоо. Газрын багц хууль Үндсэн хуулийн дараа орох хэмжээний том хууль ч боловсруулалт тааруу орж ирсэн. Тухайлбал, газар чөлөөлөлттэй холбоотой заалтад Үндсэн хуулийн үзэл санаа, хувийн өмчийг хуулиар хамгаалж дээдлэх зарчмыг зөрчсөн байж болох заалтууд, орон нутгийн өөрөө удирдах ёсонд халдсан заалтууд, дахиад 30 жил хуримтлагдсан бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдээгүй, гарц гаргалгаа гаргаагүй. Иймээс цаашид АН бүлэг уг асуудлаар байр сууриа илэрхийлээд явна.
Гуравдугаарт, Ардчилсан намын бүтцэд хандсан уриалга гаргасан. УИХ дахь АН-ын үйл ажиллагаанд оролцохыг хүссэн бүх гишүүд дэмжигчдэд нээлттэй ажиллана гэсэн утгатай уриалгын төслийг гаргасан. Нийгэмд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ч хийх боломжтой. Мөн талцалтай байгаа талуудын хоорондох уулзалтад бүлгийн гишүүд нээлттэй оролцох болно" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |