УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал "Сумдад кадастрын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтай компани байдаггүй. Хуулийн шинэчлэлтээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нэмэгдэх үү? Богдхан уулын эргэн тойронд 1473 газарт ашиглах гэрээ байгуулаад үл хөдлөх хөрөнгө баригдсан ч кадастрын санд бүртгэлгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ? Улаанбаатар хотын эргэн тойронд ашигт малтмалын 181 лиценз олгосон ч ямар кадастргүй. Кадастргүй газар үйл ажиллагаа явуулбал ямар хариуцлага оногдуулах вэ? Олон жил нутагласан гэдэг нэр томъёоллоор газар эзэмшиж байсан хүмүүст кадастрын эрх олгоогүй тохиолдол байна. Үүнээс болж маш олон маргаан үргэлжилж байна. Үүнийг хуулиар яаж зохицуулах вэ" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Энхманлай "Кадастрын зураг үйлдэх тусгай зөвшөөрөлтэй 253 ААН үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хөдөө орон нутагт кадастрын зураг хийлгэх эрэлт хэрэгцээ байнга гардаггүй учир Улаанбаатар хотод төвлөрч байна. Шинэчилсэн хуулийн төсөлд нийт газар нутгаа муж тойрогт хуваагаад хүн ам нутаг дэвсгэрийнх нь хэмжээнд тохирууж кадастрын зураг хийх ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг олгоно. Тусгай хамгаалалттай газар нутаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн газрууд газрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй байгаатай холбоотой асуудал нь шинэчилсэн хуулиар заавал ашигт малтмалын зориулалтаар газар олгож байгаа тохиолдолд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр үндэслэж олгоно. Ингэснээр иргэдэд нээлттэйгээр санал өгөх, хяналт тавих нөхцөл бүрдэж байна. Мэдээллийн сан бүрдсэнээр татварын орлогыг бүрдүүлж авах боломжтой болон. Газар ашиглаж байгаа сүбьект бүхэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын чиглэлээр 1443 нэгж талбай бүртгэгдсэн байна. Цаашид энэ бүртгэлийг орон нутагтай хамтран хийнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрууд газрын мэдээллийн санд бүртгэгдэхгүй байна. Энэ бүртгэл үнэн зөв хийгдсэнээр орон нутгийн татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ" гэлээ.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Энэ хууль 1999 онд батлагдсан ЕСӨН удаа нэмэлт өөрчлөлт оруулсан хууль. 1999 оноос хойш гурван арван жил бид газраараа тоглолоо, наймаа ч цэцэглэлээ. Зарим улстөрчид газраар нүдээ бүлтэртэл баяжлаа. Энэ асуудлыг зогсоох, цэгцлэхээс өөр аргагүй. Энэ хуулийг хойш нь татах юм бол хорт хавдар шиг биднийг идэж байгаа Кадастрын хууль ажилласан чигээрээ л байна. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжээд энэ хуулийн үг үсэг болгоныг унших хэрэгтэй. Энэ хууль чинь биднийг бөөн юм болж сонгосон ард иргэдийн амьдрал тэр чигээрээ байгаа. Үг үсэг бүр нь учиртай. Кадастрын хэмжилт, бүртгэл гэдгийг хоёр өөр шинжлэх ухаан юм шиг авч яваад улсаа сайхан дампууруулж байна даа" гэлээ.
П.ГОО