УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Газрын тухай багц хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Төрийн өмчит байгууллагуудын хичнээн га газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн, зориулалт бусаар ашигласан судалгаа байна уу. Үүнийг засах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Тусгай хамгаалалттай газарт зориулалтын бусаар газар авч, ашигласан судалгаа байна уу?
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Бидний хийсэн судалгаагаар төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 106 газрыг шилжүүлсэн тоо бий. Тухайн сургууль, эмнэлгийн зөвшөөрлөөр газар шилжүүлсэн тохиолдлууд байгаа. Улаанбаатар хотод одоо газар байхгүй. Хэлэлцэж байгаа хуулиар энэ асуудлг зохицуулна. Төрийн өмчийн компаниудыг газрыг бүртгэлжүүлж, өөр ААН, иргэнд шилжүүлэхийг хориглож байгаа.
Нийт иргэдийн 20 гаруй хувь буюу 600 гаруй мянган иргэн газар өмчилж авсан. Хотоос алслагдсан, дэд бүтэцгүй, худаг усгүй, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах боломжгүй газрууд байна. Газар өмчлөлийн хуульд Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй байсан бол одоо 18 настай иргэн гэж оруулж ирж байгаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Дархан цаазат газруудаас хамгийн их зөрчилтэй нь Богдхан уулын хамгаалалтын бүс, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрууд байна. Богдхан уулын 42 000 га талбайг ЮНЕСКО-д бүртгэж авсан.
Богдхан уулын хамгаалалтын бүсэд 3176 байшин барилга баригдсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-нй өдрийн байдлаар БОАЖ-ын сайдын 72 удаагийн тушаалаар нийтдээ 159 нэгж талбар, 422.3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон. Зориулалтын бусаар олгогдсон 311 иргэн, ААН-ийн газрын зориулалтыг өөрчлөх АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл ирсэн. Үүний дагуу тухайн 311 газрыг зориулалтын дагуу болгож өөрчилсөн. Аялал жуулчлалын чиглэлээр олгох ёстой байтал үе үеийн сайд нар зуслан, амины зориулалтаар газар олгосон асуудал байгаа.