"Hook"-ийн гүйцэтгэх захирал И Сын Ги-г ална хэмээн сүрдүүлжээ

БНСУ-ын жүжигчин, дуучин И Сын Ги өөрийн харьяалагддаг “Hook Entertainment” агентлагаа төлбөрийн баримтаа ил болгохыг шаардсан байна. Тэрбээр 2004 оноос хойших бүх дебют уран бүтээлдээ төлбөр аваагүй тухайгаа ил болгож, тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг шаарджээ. Мөн тэрбээр өөрийн харьяаллын агентлагийг дансны хуулга болоод бусад ашгийн тайлангаа шүүхэд тайлагнахыг хүссэн байна.
БНСУ-д төдийгүй Азийн улс орнуудад маш их нэр хүндтэй, чадварлаг уран бүтээлч гэгдэг И Сын Ги 2004 оноос хойш тус агентлагт харьяалагдаж байгаа бөгөөд өнөөг хүртэл хугацаанд 137 дууг бие даан дуулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь одоо ч гэсэн хит болсоор байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2009 оны аравдугаар сараас 2022 оны есдүгээр сарын хооронд И Сын Гигийн олсон хөгжмийн орлого 9.6 тэрбум вон (ойролцоогоор 7,069,000 доллар) байсан бөгөөд тэрнээс өмнөх буюу 2004 оны зургаадугаар сараас 2009 оны наймдугаар сар хүртэлх таван жилийн тайлан алга болоод байгаа аж.
"Hook" энтертайментийн гүйцэтгэх захирал Квон Жинён өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүх хүмүүсээс уучлалт хүссэн билээ. Удалгүй Dispatch Квон Жинён захирал агентлагийнхаа багтай хийсэн нууц бичлэгийг илчилсэн байна.
Уг дуу бичлэгт "Би түүнийг ална гэдгээ өөрийн нэрээр тангараглаж байна. Би түүнийг алахын төлөө бүх насаараа зүтгэнэ. Хогийн новш" гэсэн байв.
Цаашлаад гүйцэтгэх захирал Квон-ны мессеж дэлгэгдэж Ли Сын Ги-ийн менежерийг компанийн картыг Ли Сын Ги-д их зарцуулсан хэмээн зэмлэсэн байна. Уг төлбөр нь 29,800 вон (ойролцоогоор 22 ам. доллар) хөнгөн зууш, 14,500 вон ( ойролцоогоор 11 ам . доллар ) зогсоолын хураамж байжээ.
Одоогоор энэхүү асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны өдөр агентлагийн захирлын ажлын өрөө болоод гэрт нэгжлэг хийж, зарим баримт бичгүүдийг хураан авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ