Орон сууцны хөнгөлөлттэй санхүүжилт буюу ипотекийн зээлийг олгосон он жилүүдэд 106.3 мянган айл өрх тохилог орон байртай болжээ. 2013-2022 оны хоорондох арван жилийн хугацаанд 100 мянгыг давсан гэр бүл бага хүүтэй, урт хугацаатай зээлээр сууцтай болсон гэсэн үг. Энэ хэрээр Монгол Улсын дундаж давхаргын эгнээ тэлснээс гадна банк, барилгын салбарт ч чухал хөрөнгө оруулалтын он жил байв.
Арван жилийн хугацаанд банкны салбар 5.14 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргасан бол барилгын салбар 4.2 сая мкв орон сууцыг сүндэрлүүлжээ.
Тэгвэл ипотекийн зээл иргэн-банк-барилгын салбар гэсэн гурвалсан холбоосонд ямар үр ашиг өгсөн вэ?
ИРГЭНД-хөнгөлөлттэй хүүтэй зээл авах боломж
Орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдсэн.
Иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж нэмэгдсэн.
Нийт 106,3 мянга өрх ипотекийн зээлд хамрагдсан
БАНКНЫ САЛБАР-банк өөрийн балансыг удирдаж эрсдэлээ шилжүүлэх боломж бүрдсэн
Актив пассивын хугацааны зөрүүний эрсдэл багассан.
Банканд учирч болзошгүй орон сууцны зээлийн эрсдэл буурсан.
Үйлчилгээний орлогын эх үүсвэр нэмэгдсэн.
БАРИЛГЫН САЛБАР-их бүтээн байгуулалт
2013 оноос хойш Улаанбаатар хотод 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон.
Ипотекийн хөтөлбөр эхэлснээс хойш нийслэлийн орон сууцны 60 хувь шинээр баригдсан байна.
Тэгвэл банк-иргэн-барилгын салбар гэсэн ипотекийн зээлийн гинжин хэлхээс дунд МИК ямар оролцоотой вэ?
• МИК нь арилжааны банкнаас иргэдэд олгосон орон сууцны зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Банкуудаас зээлийг худалдан авснаар арилжааны банкуудын хөрвөх чадвар сайжирч дараа дараагийн иргэдэд зээл олгох боломж бий болдог.
• Бонд гаргах үйл ажиллагаа нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Бондын эргэн төлөлт хийгдсэнээр шинээр ипотекийн зээл олгох эх үүсвэр бий болж, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь тогтвортой, тасралтгүй үргэлжилж буй.
Иргэнд ипотекийн зээл олгох үйл ажиллагаанд МИК оролцдоггүй тул иргэдээс шимтгэл хураамж авдаггүй.
• Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс суурь болдог.
• Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь НҮБ-аас дэвшүүлсэн “эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “ээлтэй хот, иргэдийн оролцоо”, “тэгш бус байдлыг бууруулах” гэх мэт нийгэм эдийн засаг, айл өрхийн тухтай амьдралд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |