2023 оны төсөв өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбогдуулан Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.
- Төсвийн алдагдлыг бууруулах боломжийг ашиглаж чадсангүй. Төсөв бүхэлдээ урсгал зардал санхүүжүүлж байна гэх шүүмжлэл байна. Төсвийг алдагдлыг бууруулах боломж байсан уу?
-Төсвийн алдагдлыг хангалттай бууруулсан гэж харж байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулсан. ДНБ-ний хоёр 2,6 тэнцэхээр төсвийн тэнцлийг сайжруулсан. Манай төсвийн зарлагын бүтэц эмзэг учраас үүнээс илүү бууруулбал төрийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болно. Эсвэл ард иргэдийнхээ гар дээр очдог цалин тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгийг хэвийн олгоход хүндрэл үүснэ.
-Ирэх оны төсөв хөгжил авчрах төслүүдэд санхүүжилт хийгдээгүй гэх шүүмжлэл ч бас өрнөж байна. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хөгжлийн тухай ярихын тулд дэд бүтцийн асуудлаа шийдэх шаардлага үүснэ. Иймээс ирэх онд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийнхөө суурийг бэлдэх дэд бүтцийн төслүүд рүүгээ илүү анхаарч ажиллана.
-Нийгмийн анхаарал татаж байгаа зүйл бол ирэх оноос хүүхдийн мөнгийг хэрхэн олгох вэ гэх асуудал байна. Яг ямар аргачлалаар хүүхдийн мөнгийг олгох вэ?
- Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй цаг үед өндөр орлоготой өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзаад дэмжлэг хэрэгтэй өрхүүдэд олгохоор төсөвт тусгасан. Өрхийн орлоготой нь уялдуулж хүүхдийн мөнгө олгохтой холбоотой ХНХЯ-н дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгээс тодорхой аргачлал гаргаад нэг сарын 1-ээс хүүхдийн мөнгө олгогдоод эхэлнэ.
-Төсвийн Ерөнхийлөн захирагчдаас хамгийн өндөр дүнтэй багцыг аль яам захиран зарцуулах вэ?
-Хамгийн өндөр дүнтэй багцтай ХНХЯ. Дараа нь Эрүүл мэнд, Боловсролын салбар багц орно. Төсвийн урсгал зардлын бүтцийг харахад 73 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, халамж, 15 хувь төрийн байгууллагуудын урсгал зардал, НАЙМАН хувь гадаадаас авсан зээл тусламжийн хүүгийн төлбөр, дөрвөн хувь нь зорилтот хөтөлбөрийг төсвөөс дамжуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зардал байна.
П.ГОО
Уншиж байна |