УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “2023 онд Засгийн газар НЭГ ТЭРБУМ ам.долларын гадаад өр төлнө. Эх үүсвэр тодорхойгүй байна. Засгийн газрын өрийн хэмжээ 7 их наядаар нэмэгдсэн” хэмээн хэлж, “2023 оны төсөв Монголын эдийн засагт өөрчлөлт авчрахгүй” гэдгийг санууллаа.
Товчхондоо өр төлөх нь тодорхой, гэхдээ хаанаас, ямар мөнгө гаргаж төлөх нь тодорхойгүй байгааг УИХ-ын чуулганы танхимаас гишүүд сануулж байна.
Тэгвэл Монгол Улс дахин ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, зээл авч болзошгүй бололтой. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдана гэж хэн нэгэн яг таг хэлээгүй ч УИХ-ын дарга болзошгүй гэсэн ивээсийг хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахал, дайны нөхцөл байдлын улмаас ОУВС-ийн гишүүн орнуудын 1/3 нь хөтөлбөрт хамрагдах санал тавиад байна. Өмнө нь 15 улс хамрагддаг байсан бол одоо 44 улс ОУВС-ийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна. Нэмээд 20 улс хамрагдах хүсэлтээ өгсөн. Тогтвортой эдийн засагтай, хөгжингүй улсууд хүртэл хүндрэлтэй байдалд орсон. Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа эдийн засагтай Вьетнам улс ч хүндрэлтэй тулгарч байна.
ОУВС-гийн хөтөлбөр гэдэг бол аймшигтай зүйл биш. Нэн хөнгөлөлттэй зээл олгодог. Үүнийг бид дотроо сайн ярьж, ойлголцож байх нь зөв байна” гэсэн байр суурийг УИХ-ын чуулганы индрээс илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд ч “ОУВС биднийг гуйгаад, хаалга тогшоод “ та нар мөнгө аваач” гэхгүй. Бүх хөрөнгө оруулалт АНУ-руу татагдаж, энэ бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй. Мөнгө их үнэтэй боллоо” гэдгийг хэлж байна.
Манай улс 2017 онд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байв. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт авч, донор орнуудаас ам.доллар татсан. Гурван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр эхлэхэд тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн “эдийн засагт ассан шар гэрлийг ногоон гэрэл рүү шилжүүлж байна” хэмээн мэдэгдэж байлаа.
2017 онд цар тахалгүй, дэлхийн геополитикийн нөхцөл байдал ч тайван байсан ч манай улсын эдийн засаг хүндэрч, олон улсын байгууллагаас санхүүжилт авч байв. Харин одоо эсрэгээрээ буюу дэлхийн эдийн засаг бүхэлдээ савлаж байна. Ийм нөхцөлд Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдаж, хөнгөлөлттэй санхүүжилтээр тулсан гадаад өрөө төлж ч болзошгүй юм.
УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлснээр манай улс өрөө төлөхгүй, арагш нь шидсээр байгаа. Шидэх тусам өр хуримтлагдсаар, уул овоо мэт болсон нь бодит үнэн.
Б.Хэрлэн
Уншиж байна |