Мета 11 мянган ажилтнаа цомхотгожээ
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй корпорациудын тоонд багтдаг, Фейсбүүк, Инстаграм, Ватсаппын толгой компани болох "Мета платформс" корпорац цомхотгол хийх талаараа лхагва гарагт зарлана гэж эх сурвалж мэдээлээд байсан. Мета платформс корпорацад нийтдээ 87 мянга гаруй ажилтан ажилладаг аж.
Энэ лхагва гарагт /2022.11.09/ тус компани ажилчдынхаа 13 орчим хувь болох 11 мянга гаруй ажилтнаа цомхотгож байгаа талаараа Гүйцэтгэх захирал Марк Зукерберг ажилчдадаа хандсан захидалдаа мэдэгджээ.
"Мета" бусад сошиал медиа компаниудын нэгэн адил цар тахлын үед олон хүмүүс гэртээ байж утас, компьютероо ашиглан ажлаа хийж байсан тул санхүүгийн өсөлтөд хүрсэн. Гэвч хөл хорио суларснаар хүмүүс дахин гадуур ажиллаж орлогын өсөлт буурч эхэлсэн байна.
Метагийн хамгийн том орлогын эх үүсвэр болох онлайн зар сурталчилгааны эдийн засгийн байдал удаашсанаар Мета зогсонги байдалд оржээ.
Дашрамд дурдахад, 10 дугаар сард Мета корпораци гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. Тайланд дурдсанаар, Мета компанийн орлого өнгөрсөн гуравдугаар улиралд дөрвөн хувиар буурч, 27,7 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь Метагийн түүхэнд орлого ийнхүү ихээр унасан хоёр тохиолдол аж. Анх өмнөх улиралд ийнхүү орлого унаж байжээ. Улмаар компанийн цэвэр ашиг 52 хувиар буурч, 4,4 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгож, өнгөрсөн долоо хоногт Мета корпорацын хувьцааны ханш 20 хувиар буурч байв.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ