Өнгөрсөн 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 779.6 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт 14 зээлдэгч бэлэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр зээлээ хаагаад байгаа аж. Харин одоо 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгийн эргэн төлөлт хүлээгдэж байна.
Нэг хэсэг бараг гудамжны нохой хүртэл Хөгжлийн банк гэж хуцахаар хэмжээнд хүрч, олны анхаарал татаж байсан Хөгжлийн банкны асуудал нам жим байдалд шилжжээ. Нэг хэсэг нь ихэвчлэн хувийн хэвшил өр зээлээ барагдуулж, чихээ амраасан бол нөгөө хэсэг нь хуулийн байгууллагын хаалга татаж байгаа. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын хэлснээр бол хуулийн байгууллагуудад 83 яллагдагчтай Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг боогдож байгаа гэх. Харин бүр нөгөө хэсэг буюу төрийн эзэмшлийн компаниуд нүдэн балай, чихэн дүлийгээр Засгийн газрыг харж суугаа.
Хуулийн байгууллагууд ажлаа хийж байгаа. Хэнийг шалгаж, хэнийг хорьж цагдахаа тэд мэднэ. Мөн УИХ-ын хянан шалгах түр хороо ч ажиллаж буй. Энэ түр хороо зээлтэй холбоотой бүх материалыг үзэж, эзэн холбогдогчдыг дуудаж байцаах эрхтэй. Гэхдээ хуулийн байгууллагын ажлыг давхар хийгээгүй байх. Түр хороо зөвшилцлийн түвшинд, зээлдэгч нартай ширээний ард сууж, зээлээ төлөх боломж, нөхцөлийн тухай илүү ярилцдаг гэж найдаж байна.
Цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй ханшийн зөрүү, тээврийн гацаа, үнийн хөөрөгдөл хувийн хэвшлийн салбарыг хангалттай дарамталсан. Нэмээд төр дарамтлахаар тэднээс юу ч үлдэхгүй.
Тиймээс Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй хувийн хэвшлүүдтэй ширээний ард сууж, тэднийг хорьж цагдах бус зээлээ төлөх боломжийг олгох нь зүйтэй. Захирал, удирдлагуудыг нь хорьж цагдсанаар зээл төлөгдөхгүй. Харин тэдэнд ажиллаж, зээлээ төлөх боломжийг олгох нь илүү оновчтой.
Хөгжлийн банкны мэдээллээр хувийн хэвшлүүдээс “Хөтөл” ХХК 357.5 тэрбум төгрөг, “Бэрэн групп” ХХК 181.2 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 187.7 тэрбум төгрөг, “НВЦ” ХХК 72.9 тэрбум төгрөг, “Изинис Эйрвэйз” ХХК 29.7 тэрбум төгрөг, “Түгээмэл түмэн хишиг” ХХК 25.3, “Мондулаан трейд” ХХК 19.0 тэрбум төгрөг, “Бармон” ХХК 17.6 тэрбум төгрөг, “МБҮ трэйд” ХХК 17.6 тэрбум төгрөг, “Зэст-Өндөр” ХХК 12.3 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 7.6 тэрбум төгрөг, Чингис хаан банк 49.7 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Төрийн өмчик компаниудаас Төрийн Орон сууцны корпорац 181.9 тэрбум, Таван толгой цахилгаан станцын төсөл 55.7 тэрбум, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 53.4 тэрбум төгрөгийн өр зээлтэй байна.
Төрийн өмчит компаниуд бол төр засгийн асуудал. Харин хувийн хэвшлийнхэнд зээлээ хэрхэн төлөх нь толгойны өвчин. Тэднийг ял шийтгэлээр айлгаад хэн ч хожихгүй. Хэн нэгэн ялтан болсноор зээл төлөгдөхгүй.
Харин Засгийн газар Хөгжлийн банкинд зээлтэй хувийн хэвшлүүдтэй нэг ширээнд сууж, хэн хэндээ байгаа боломжийн талаар ярилцвал илүү үр дүнтэй байх нь тодорхой. Угаас улс орны эдийн засаг амаргүй үед баялаг бүтээгчдийг хорих биш ажиллуулах нь Монголд хэрэгтэй.
Б.Хэрлэн
Уншиж байна |