Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн "Зайсанд хүртэл утаа үнэртэж байна" гэж үг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл М.Оюунчимэг хөндсөн асуудал юу байв?
Монгол Улс нэг кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд 179 төгрөг зарцуулдаг ч хэрэглэгчдэд хүргэхдээ 16-58 хувийн алдагдалтай үнээр нийлүүлдэг. Мөн дээрээс нь маш олон хөнгөлөлт үзүүлдэг. Үүний нэг бол агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийн 50-100 хувийн хөнгөлөлт юм. Тодруулбал, өвлийн улиралд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл гэр хорооллын иргэдийн эрчим хүчний төлбөрийг 100 хувь хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тэгвэл ирэх жилийн төсөвт энэ хөрөнгө тусгагдаагүй байгаа аж. Нэг үгээр 2023 оны өвөл гэр хорооллын иргэд цахилгааны төлбөрөө 100 өөрсдөө төлнө. Үүнд ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй.
Ингэснээр 2017 оны долдугаар сард батлагдсан Засгийн газрын тогтоол зөрчигдөж байгааг М.Оюунчимэг гишүүн хөндсөн байна.
Энэхүү тогтоолыг дагаж гарсан журам:
Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Өөрчлөлт орсон тогтоол:
1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2021 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
2.Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосугай.
3.Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 500 гаруй иргэдийн гарын үсэг санал надад ирсэн. 2017 оны 199 дүгээр тогтоолоор батласан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам бий. Энэ журмын дагуу нийслэл, аймаг гээд 10 мянгаас дээш хүн амтай гэр хорооллын айлуудын шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл Эрчим хүчний сайдын багцаас 2023 оны төсөвт энэ төсөв хасагдаад орж ирсэн байна. Үүнд төсвийн байнгын хорооынхон анхаарал хандуулмаар байна. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд эрчим хүчний хөнгөлөлтийг цуцалж болохгүй. Энэ хэвээр явбал 199 дүгээр тогтоол хүчингүй болно. Агаарын хэм 12,13 байхад утаа аль хэдийн гэр хороолол гэлтгүй Зайсанд хүртэл үнэртээд эхэлсэн байна.
П.ГОО
Уншиж байна |