Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Түүнийг ямар үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. Тэрбээр “ЭМЯ-ны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газраас өнгөрсөн 08 дугаар сард “Өргөө” амаржих газарт шалгалт хийсэн. Шалгалтын дүнгээр есөн зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэх хугацаатай чиглэлийг өгсөн. Тус газраас 09 дүгээр сарын 20-ны өдөр зөвлөмжийн биелэлтийг шалгаж, нэг шаардлагыг биелүүлж, бусад нь хангалтгүй гэж дүгнэсэн.
Мөн “Өргөө” амаржих газрын ажилтнуудаас ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороонд гомдол ирсэн. Гомдлын дагуу ёсзүйн хорооноос “Өргөө” амаржих газарт ажиллаж, ажилчдаас судалгаа авч, уулзаж, ёсзүйн 14 заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өгсөн. Эдгээрийг үндэслэн миний бие 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэсэн тайлбарыг өглөө.
Өргөө амаржих газрын дэд даргаар цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг ажиллаж буй. Мөн Ж.Энхцэцэг даргын хуулийн зөвлөхөөр цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн ажилладаг аж. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Б.Хэрлэн