Монгол Улсын Засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа вакцинаар сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ жил Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч, дархлаажуулалтыг 10 дугаар сарын 15-наас эхэлнэ.
Томуугийн эсрэг вакциныг
-томуугийн өвчлөлд өртөмхий 65-аас дээш насны
-архаг хууч өвчтэй хүн ам
-эрүүл мэндийн ажилтан,
-1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэгт хийнэ.
Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.
Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.
Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цартахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба
Уншиж байна |